Чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Бусад байнгын хороо Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгнө.” гэсний дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураажээ. Тухайлбал:
Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хороо: “Шинээр барих гал унтраах, аврах ангийн барилгын тоог нэмэгдүүлэх”, “Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх”, “Иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах чадварыг сайжруулах", “Бие бүрэлдэхүүнийг чадваржуулах” гэснийг “зэвсэг, техник, хувцас, хэрэглэл болон материаллаг баазыг бэхжүүлэх” гэсэн саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлтдээ тусгасан байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: “Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжид цахилгааны хэрэглээний хөнгөлөлт үзүүлэх”, “Нөөцийн махны хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх,” “Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх”, “Хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын цогцолбор төв барих”, “Уул уурхай, хүнд үйлдвэрийг суурьшлын бүсээс гаргах, дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах”, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар санал хурааж шийдвэрлэжээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо: “Соёлын баримтат өвийг хамгаалах, музей, түүх, соёлын өвийн сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх”, “ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, “Бурхан Халдун уулын соёлын өвийн менежментийн захиргааг байгуулах”, “Эмнэлгийн ажилтнуудыг В вирусын эсрэг дархлаажуулалтад 100 хувь хамруулах” гэсэн төсөл арга, хэмжээг нэмэх саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлт гаргасан байна.
Хууль зүйн байнгын хороо: “Үндэсний гадаад паспортод бичилт хийх, программ хангамж тоног төхөөрөмж нийлүүлэх”, “Сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагыг техник, хэрэгслээр хангах” зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмэхийг дэмжсэн байна.
Эдийн засгийн байнгын хороо: “Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх”, “Нийслэл, аймгийн төвүүдийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн хийх”, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барилгын ажлыг үргэлжлүүлэх”, “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг эхлүүлэх”, “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн төвүүдийн техник, тоног төхөөрөмж, компьютерийг шинэчлэн нийлүүлэх”, “Сонгуулийн санал тооллогын техник хэрэгслийг шинэчлэх арга хэмжээ авах", “Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хороодоос төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг ирүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дэмжсэн болоод дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хороо 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуулийн төслийн талаар анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул өргөн мэдүүлсэн төслийн хэмжээнд эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.