Япон Улсын Осака хот дахь Монгол Улсын Соёлын элч Сато Норико өөрийн санаачилсан “Ногоон Улаанбаатар” төслийн хүрээнд цаг агаарын хүнд нөхцөлд хэрхэн мод тарьж, ургуулах, арчлах талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэнд өчигдөр сургалт зохион байгууллаа.
Японы Саппоро хотын газар нутгийн хэмжээ 1121 ам км бөгөөд түүний 64 хувь нь ногоон байгууламжтай. Харин манай нийслэлийн газар нутгийн хэмжээ 4704 ам км боловч ногоон байгууламжтай нь дөнгөж 25 хувийг эзэлдэг. Тиймээс Улаанбаатарт мод, зүлэг тарих шаардлагатай ч зөв төлөвлөгөөтэй ажиллахгүй бол цөөнгүй асуудал үүсэх эрсдэлтэйг энэ удаагийн сургалтаар Японы мэргэжилтнүүд онцолж байлаа. Саппоро хотын ногоон байгууламж ихдээд буй учраас түүнийг засаж, хэлбэржүүлэхэд нэлээд хөрөнгө зарцуулдаг аж. Нийтийн эзэмшлийн зам, талбайд тарьсан мод хөгширч унах, унгирал хаях зэрэг асуудлыг тарихаасаа өмнө тооцох нь зүйтэй юм байна. Мөн манай орны эрс тэс уур амьсгал, хур тунадасны хэмжээнд тохируулан тарих модоо сонгох ёстойг мэргэжилтэн Фурусе Казуёши, Вакита Ёоичи нар анхааруулсан.
Хатагтай Сато мод тарих, үржүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зорилготой дээрх төслийг Японы Хоккайдо мужийн захиргаатай хамтран JICA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр манай оронд 2011 оноос хойш гурван үе шаттай хэрэгжүүлж буй. Уг төслийн сүүлчийн шатыг ирэх есдүгээр сард хэрэгжүүлж дуусна. Харин ирэх онд Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад манай цэцэрлэгчдийг хамруулах бас нэгэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд голт бор, сакура, сарнай, чацаргана, монос зэрэг 600 гаруй мод тарьж, 300 орчим хүнийг сургалтад хамруулсан байна.
Г.Баясгалан