АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын оролцоо байж болзошгүй тухай тусгай прокурорын тайлан нийтлэгдсэний дараа Роберт Мюллер өөрөө анх удаа олон нийтийн өмнө гарч үг хэллээ. Ингэхдээ тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампыг ямар нэгэн хэрэгт буруутгах эрх өөрт нь байгаагүй гэсэн байна. “Ерөнхийлөгчийг албан тушаалдаа байх хугацаанд ямар нэгэн гэмт хэрэгт буруутгаж чадахгүй. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн хууль зүйн яамны олон жилийн уламжлалт бодлогыг бид баримталсан” гэж тусгай прокурор тайлбарлажээ. Ерөнхийлөгч Трампын өмнө нь хэлснээр эл тайлан түүнийг буруугүй гэдгийг бүрэн дүүрэн нотолж байгаа бөгөөд “ямар ч хуйвалдаан байхгүй, эрх мэдлээ ашиглаагүй” ажээ. Мюллерийг үг хэлсний дараа Трамп дээрх үгээ давтан “Юу ч өөрчлөгдсөнгүй. Хангалттай нотлох баримт байхгүй нөхцөлд манай орны хуулиар тэр хүн буруугүй. Хэрэг хаагдлаа. Баярлалаа” гэсэн байна. Харин Роберт Мюллер ийм дүгнэлттэй санал нийлээгүй бөгөөд “Хэрэв бид Ерөнхийлөгчийг буруугүй гэдэгт итгэлтэй байсан бол бид тэр тухайгаа хэлэх байсан” гэжээ. Мөн тэрээр "Орос манай сонгуульд хөндлөнгөөс оролцож, тодорхой нэр дэвшигчийг дэмжих оролдлого хийсэн" гэж тайлангийн утгыг товчхон тайлбарласан байна. Гэхдээ Трампын сонгуулийн кампанит ажил оросуудтай өргөн цар хүрээтэй хуйвалдсан гэх нотолгоо олдоогүй" ажээ. “Манай улсын сонгуульд хөндлөнгөөс орох оролдлого байнга гарч байсан. Энэ тухай америк хүн болгон мэдэх ёстой. Ингээд тусгай прокурорын газар хаагдаж байгаа бөгөөд би энэ албан тушаалаасаа огцорч байна” гэж тэрээр үгээ дуусгажээ. Тусгай прокурорын мөрдөн шалгах ажил хоёр жил үргэлжилсэн бөгөөд гол зорилго нь Дональд Трамп болон түүний багийн гишүүд 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Оросын дэмжлэгийг авах тухай Кремльтэй тохиролцсон эсэхийг тогтоох явдал байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард Роберт Мюллер ажлынхаа тайланг Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор Уильям Баррт өгсөн бөгөөд дөрөвдүүгээр сард уг тайлан тусгай прокурорны газрын албан ёсны сайтад нийтлэгдсэн билээ. Тайлангийн талаар хийсэн дүгнэлтээ Хууль зүйн сайд Барр Конгресст танилцуулсан бөгөөд түүний ярьснаар Трамп болон түүний хамтрагчид Кремльтай хэлцэн хуйвалдаагүй ч Москвагийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого байсан аж.