Өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй олуулаа ялалт байгуулж, бүхий л шатанд эрх мэдэл атгасан Ардын намынханд сөрөг хүчнээс нэр дэвшин, сонгогдсон Ерөнхийлөгч тарах саналыг хоёр дахиа тавив. Парламент дахь бүлэг нь задарсан ч АН-ынхан Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж буйгаа тухай бүрт нь илэрхийлж ирсэн. Бүр УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдэнд самбар байршуулан, тарахыг дэмжсэн гишүүд гарын үсэг зурж байв. Тэр самбарт нь Ардын намынхнаас ч гарын үсгээ хайрласан. Ер нь АН гэлтгүй, Ардын намынхнаас ч тарах тухай яриаг анхлан гаргаж, самбарт бус, цаасан дээр гарын үсэг цуглуулж байв. Парламент нь дотроо ийнхүү тарах талаар ярьж байхад гадна талд ч үүнийг МАХН тэргүүтэй хүчин шаардахаа мартаагүй. Иргэд, сонгогчдоос ч “Бидний дээр ийм хүмүүс байснаас байгаагүй нь дээр” хэмээн халаглах нь цөөнгүй. Энэ мэт тарах, тараах тухай яриа тамтаг болсон УИХ-ын өнгөн дээр газар авах нь ойлгомжтой. Өнөөгийн гишүүд өөдтэйхэн байсан бол өөнтөглүүлээд байх нь юу л бол. “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэдэг байх аа.
Ерөнхийлөгч Х.Баттулга долоо хоногийн өмнө УИХ-д дээрх саналаа тавихдаа “Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн олонх нь гэмт хэрэг, авлига, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд, УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” аятай дүр төрх үзүүлэх болсон. Та бүхэн улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн, УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэснээр төрт ёсны түүхнээ цэгц шударгын жишиг болно” хэмээн уриалсан. Үнэхээр ч УИХ-ын гишүүдийн ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд, сонгогчдын итгэлийг улам бүр алдсаар буй нь илт. Ганцхан жишээ хэлье. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиа өөрчилж, баахан зардал мөнгө гарган байж хурууныхаа хээгээр ирц бүртгүүлж, саналаа өгдөг болсон ч гишүүд хүрэлцэн ирээгүйгээс болж хуралдаан хойшилж, цуцлагддаг байдал аанай л хэвээрээ. Ер нь хуулиа боловсронгуй болгож, хурууны хээгээ уншуулдаг боллоо гэж сайрхаад байгаа болохоос ийм аргаар ирц бүрдүүлнэ гэдэг арга ядсан л хувилбар шүү дээ. Ер нь энэ УИХ хэдэн гишүүнийхээ учрыг олох гэж хуулиараа оролдохоос өөр хийдэг ажилгүй боллоо. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчлөх хэд хэдэн төсөл хэлэлцээд эхэллээ. Өмнө нь ч цөөнгүй гар хүрсэн. Байгаа царай нь энэ.
Ерөнхийлөгчийг чуулганы нэгдсэн хуралдаанд тарах саналаа уламжилсны маргааш өглөө нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Г.Занданшатар дарга “УИХ-аас улс төрийн байдал, нийгмийн сэтгэл зүй хамаарч байна. Төрийн ажилд хувийн ааш аягаар хандаж болохгүй. Гишүүд сахилга, хариуцлагагүй байвал УИХ тарах асуудлыг хэн нэгний шахалтгүйгээр, өөрөө тавьж болно. Хуралдаандаа ирэхгүй байгаа гишүүдийг зарлана” хэмээн анхааруулна лээ. Хэдийгээр Ерөнхийлөгч энэ удаа тарах талаар зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан ёсоор хандаагүй ч Г.Занданшатар дарга хариуг нь үүгээр ойлгомжтой өгчихсөн гэхэд болно. Өмнө нь тавьсан Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын дарга М.Энхболд “Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн үргэлжилж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд УИХ тарах шийдвэр гаргах талаар тантай санал нийлэхгүй байна. Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг хүсье” хэмээн хариу өгсөн удаатай. Ер нь удирдаж байгаа УИХ-аа муучилж, бүдэрсэн дээр нь түлхэх дарга үгүй л болов уу.
Гэлээ ч үнэмлэхүй олонх бүхий парламентад УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёрын зөвшилцсөнөөр биш юм гэхэд гишүүн хэн боловч ийм яриа гаргах нь түүнд ашигтай юу гэхээс алдаагүй үйлдэл. Яаж ч тайлбарласан “Сайн ажиллаж байна” гэж хэлэх үндэслэл олдохгүй, нэр хүнд нь навс унасан парламентын дотроос алдаа, дутагдлаа хүлээн зөвшөөрч, муу, муухайгаа илчлэх мэт гарч ирэн, иймэрхүү юм ярих нь ард түмнийг арай тайвшруулж мэднэ. Манайхан “Муу нуухаар сайн илчил” гэж ч ярьдаг. Гэвч энэ нь манай гишүүд үнэнийг хүлээн зөвшөөрч, буруудаа гэмшсэн “илчлэлт” гэхээс илүүтэй сиймхий хайсан улстөржилт, цээжээ дэлдсэн хийрхэл болчихоод байгаа. Нөгөө “Үхнэ, өөрийгөө егүүтгэнэ” гэж бусдын өмнө сүржигнэсэн хүмүүс амиа хорлож зүрхэлдэггүйтэй л адил авирыг тэд гаргаад байгаа юм. Үүнийг ч гишүүд ашиглаж байгаа. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг энэ буюу. Үнэндээ Ерөнхийлөгч ч адил. “Сонгогчид болон эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэр гаргахад оройлон зориглох нь гишүүдийн хийж чадах хамгийн ариун үйл” хэмээх Төрийн тэргүүний үг ч худлаа сонсогдож байна.
Мэдээж сөрөг хүчний хувьд АН-ынхан самбар дээр гарын үсэг цуглуулах байтугай “тоглолт” хийх нь зүйн хэрэг. Нийт гишүүний гуравны хоёроос доошгүй буюу ядаж 51 хүний саналаар шийдэгдэх эл асуудалд АН-ын “долоо” (хөөгдсөн Ж.Батзандан, хаяж явсан Л.Болд хоёрыг үл тооцов) хүчин мөхөстөх нь ойлгомжтой. Ардын намынхны хүч тэнцүү хагарал ч тэдэнд тус болохгүй. Харин ч сөрөг хүчний хувьд хийх л ёстой “шоу”-нд тэд дэндүү даруухан, унхиагүй оролцож байгаа. Өнөөх самбар нь одоо хаана байгаа юм, бүү мэд. Лав л АН-ынхнаас гадна МАН-аас Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ нар гарын үсгээ харамлаагүй. Харин сөрөг хүчний самбараас өмнө цаас аялуулсан Ж.Мөнхбат гишүүний тарах тухай саналыг дэмжиж, 16 гишүүн гарын үсэг зураад буйг тэрбээр сүүлд хэлсэн. Үүнээс хойш таг чиг.
Дараагийн сонгууль болоход жил хүрэхтэй, үгүйтэй хугацаа үлдлээ. Тэртэй, тэргүй ард түмнээр дүнгээ тавиулах гэж байхад тарах, тараах тухай яриа гаргаад хэрэг байна уу гэж хаана хаанаа бодож болох ч үгүй бололтой. Харин ч энэ яриаг дэмжин хошуурах хүн олшрох шинжтэй. Тэгээд ч УИХ тарлаа гэхэд ээлжит бус сонгууль явуулж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл тэд бүрэн эрхээ эдлэх учиртай. Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулж чадахгүй, хоёронтоо хойшлуулчихаж байгаа хүмүүст илүү найдаад хэрэггүй биз. Улс орон бүү хэл, нам, бүлэглэлийнхээ эрх ашгийг ч уландаа гишгэдэг увайгүй улстөрчид УИХ-ыг газар доор ортол нь муулж, ер нь юу ч хийхэд бэлэн байна. Ядаж л сонгогчдын амыг дагуулан “Харин тийм ээ, энэ УИХ муу ажилласан. Муухай хүмүүс байдаг. Тиймээс л би таръя гээд байсан юм шүү дээ” гэж хэлэх үгтэй болохыг зорьж байгаа. Төрийн эрх барих дээд байгууллагаа тамтаг болгочихсон хүмүүсийг илчлэх мэт тараах тухай ярианд тархиа бүү угаалгаарай.