Австрийн дэд канцлер Штрахтай холбоотой дүрс бичлэгийн шуугианаас болж тус улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход хүрсэн билээ. Тус бичлэг дээр Хайнц-Кристиан Штрахе нэгэн орос хэлтэй эмэгтэйтэй 2017 оны парламентын сонгуульд дэмжлэг үзүүлсний төлөө улсын барилгын гэрээний материалд нэвтрэх боломж олгох амлалтын тухай ярьжээ. Хожим дэд канцлер дүрс бичлэг дээрх эмэгтэйг Латви улсын иргэн байсан бөгөөд түүнтэй ямар нэгэн тохиролцоо хийгээгүй гэсэн бөгөөд энэ бүгдийг зохион байгуулалттай улс төрийн аллага хэмээн мэдэгдсэн билээ. Эл шуугианы дараа дэд канцлер албан тушаалаа өгчс араас нь Дотоод хэргийн сайд ч огцорсон юм. Түүний дараа Австрийн Эрх чөлөөний намын төлөөний сайд нар эвслийн Засгийн газраас гарч буйгаа зарлан албан тушаалуудаа өгсөн байна. Тэр өдөртөө тус улсын канцлер Себастьян Курц орны сайдуудын нэрсийг Ерөнхийлөгч Александер ван дер Белленд танилцуулна гэдгээ мэдэгдсэн юм. Харин энэ сарын 27-нд Австрийн парламент Ерөнхий канцлерт итгэл үзүүлэх асуудлаар санал хураасан бол өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен Курцын толгойлсон Засгийн газрыг огцруулсан билээ. Дүрс бичлэг дээр гарч буй хэргийн эзэн хэнгэргийн дохио болсон эмэгтэй өөрийгөө Оросын бизнесмен, “Итер” компанийн захирал Игорь Макаровын зээ дүү гэжээ. Гэтэл Игорь Макаровт ямар ч зээ дүү байхгүй болж таарсан байна. Тэгвэл одоо барууны хэвлэлд дүрс бичлэг дээрх эмэгтэйг Босни улсын оюутан бөгөөд дэд канцлер Штрахийн итгэлийг олуулахын тулд түүнд өдөрт долоон мянган ам.доллар өгдөг байсан гэсэн мэдээлэл нийтлэгдэх болжээ.