"Найрамдал" зуслангийн газрын асуудлаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар нийслэлд замбараагүй газар олголтыг цэгцлэх тухай асуудалд анхаарлаа хандуулсан. Гэхдээ тэр бүх асуудлууд руу Засгийн газар анхаарлаа хандуулж чадахгүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Тухайлбал, хотын төвд Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, мөн 2012 онд хотын төвд “Асашёорюү” цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.24 га, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажуу талд 1.8 га, МУИС-ийн урд талын оюутны талбайн 0.12 га, Улсын драмын театрын зүүн талын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай бүхий 0.4 га газруудыг тухайн үеийн хотын захирагчийн захирамжаар “Улаанбаатар хотын банк”-нд тус бүрийг нь 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байжээ. Үүнээс гадна “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Д.Сүхбаатарын талбайн газруудыг ч “Улаанбаатар хотын банк” өөрийн мэдэлд авсан байсан талаарх баримт, материалыг тэрээр баримтаар тайлбарлаад хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай бүхий нэг бус газруудыг ганцхан банкны эзэмшилд олгосон байгаа нь хууль бус үйлдэл юм.
Түүнээс гадна “Найрамдал” зуслангийн газартай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж, “Найрамдал” ОУХТ-ийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг нь шилжүүллээ. Бидний олж мэдсэнээр “Найрамдал” дотор дахиад 100 гаруй аж ахуйн нэгжид газар олгосон байсан. Мэдээж аж ахуйн нэгжүүд үйлчилгээ эрхэлж бололгүй яахав. Гэхдээ хүүхдийнхээ зуслангийн газар руу, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэг рүү орж болохгүй. Хүүхдийн паркын газар руу ч орсон тохиолдол байгаа. Иймд эдгээр асуудлыг цэгцлэх үүргийг Улаанбаатар хотын удирдлага, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд нарт өгсөн. Ирэх даваа гарагт ЗГ-ын тэргүүн нийслэл дээр очиж ажиллахаар болсон. Мөн ажлын хэсэг байгуулна.
Иймд зөвшөөрөлгүй газар барилга байшин барьсан бол нураах арга хэмжээ авна. Үүнд мэдээж олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Тэгвэл Засгийн газрын хүч хүрнэ. Ер нь нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Аливаа асуудлыг цэгцлэхэд заавал хэн нэгний эрх ашиг хөндөгдөнө.
Бүх байшинг буулгана гэж хэлэхгүй. Гэхдээ "Найрамдал" зуслангийн газар зөвшөөрөлгүй байшин барьсан бол албадан нураахаас өөр гарц байхгүй" гэв.