Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг илүү хариуцлагатай, үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилгын хүрээнд Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар төрийн дижитал шилжилт, иргэн төвтэй төрийн үйлчилгээг тэргүүлэх зорилтоо болгон төрийн 6 байгууллагад дижитал шилжилтийг бүрэн хэмжээгээр нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд Ухаалаг засаг төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Төрийн энтерпрайз архитектурын загварчлал, платформ, Үндэсний нөөц дата төв, Хур системийн техник тоног төхөөрөмжийн өргөтгөл нь дижитал шилжилтийн суурь болж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан онцлов.
Уг төслийн анхны загварыг маш зөв боловсруулж, өнөөдөр биеллээ олж байгаад талархаж байгаагаа тэрээр суурин төлөөлөгчид илэрхийллээ.
Суурин төлөөлөгч Андрей Михнев Дэлхийн банкны хувьд Монгол Улсад ихээхэн үр өгөөжөө өгөх нэн тэргүүний ач холбогдол бүхий төслийн нэг нь Ухаалаг засаг төсөл болохыг онцолсон юм.
Талууд төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлууд, тэдгээрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ухаалаг засаг төслийн хүрээнд дээрхээс нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, Монгол Улсын статистикийн мэдээллийн боловсруулах чадавхыг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан иргэдийн оролцоог дэмжих зорилтыг тавин ажиллаж байгаа билээ. Мөн төслийн хүрээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системийг улс орон даяар бүрэн нэвтрүүлээд байгаа юм.