Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2019.05.22/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам УИХ дахь сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцэл эхлүүлж байгаагаа мэдэгдэв. Улс төрийн тэмцлийн хүрээнд энэ сарын 30-нд төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлнэ.
Улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл, төрийн хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй явдал, үнийн өсөлт, Монголбанкны бодлогын алдаа, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгэмд үүсээд буй эмх замбараагүй байдлыг өнөөгийн эрх баригчид зогсоох чадамжгүй учир ийнхүү тэмцэл эхлүүлж байна гэлээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Бид сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцлийг эхлүүлж байна. Өнөөгийн парламентын 75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс зэрэг ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байна. Ийм байхад юун Үндсэн хууль өөрчлөх вэ. Өнөөгийн Засгийн газар үйл ажиллагаа явуулах ёс зүй, чадамжгүй учир тарах ёстой. Эрх баригчид хааяа нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүржин мэдэгдэл хийхээс хэтэрсэнгүй. Тиймээс тавдугаар сарын 30-нд Ардчилсан нам жагсаал зохион байгуулна. Бүтэн сарын улс төрийн акц хийнэ. Өнөөдөр Монголын ард түмний зөрчигдөж буй эрхийн төлөө дуугарч, эрх баригчдад хариуцлага тооцох чадвартай нам нь Арчдилсан нам. Тиймээс өнөөдрөөс улс төрд өөрчлөлт хийх ажлыг эхлүүлж байна" гэв. Түүнчлэн Арчдилсан намаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүд Д.Пүрэвдоржийн УИХ-ын даргад хүргүүлсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх мэдэгдлийг хүргүүлж байгаа юм.