Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ой судлаач, академич Ч.Дугаржав цөлжилтөөс сэргийлэх зорилгоор хуурай хээрийн бүсэд төгөл тарьж туршсанаа танилцуулав. Шилийн богд уулын тогоон дотор, мөн хойд хажууд туршсан энэ аргаа Эко-био бүл гэж нэрлэжээ. Монгол оронд мод үржүүлэхдээ 1-1.5 метрийн зайтай тарьж ирсэн нь хуурай хээрийн бүсэд тохиромжгүй гэж Ч.Дугаржав үзжээ.
Тиймээс орчны нөхцөлөөс хамаарч нэг дор 6-24 ширхэг модыг бүл болгон тарьжээ. Энэ нь нар, салхинд цохигдох эрсдэлгүй, хөрсний чийгийг хадгалах зэрэг давуу талтай аж. Анх 2001 онд хоёр, гурван настай шинэс болон нарсыг 1-1.5 метрийн зайтай тарьсан нь бүгд үхжээ. Харин бүл болгон тарьснаар шинэсний 81, нарсны 60 хувь нь сайн ургасан байна. Одоогоор гурван га газар тарьж туршсан ба цаашдаа 10 га талбайг ойжуулах зорилготой ажээ.