Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Мөн Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Бат-Ирээдүй нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцсэн юм.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Миний Монгол нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.
Миний Монгол нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 32 дахь нам болж байгаа юм.