Улаанбаатар хотын гудамж, талбайгаар явахад тэр гэхийн тэмдэггүй олон аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газрууд өөр өөрийн дураар хаяг, хаягийн байгууламжаа босгодог “уламжлал” тогтоод удаж байна. Үүнийг цэгцлэх хууль, тогтоомж гаргаад ч нэмэргүй. Хийж, хэрэгжүүлдэг нь үгүй байсаар өдий хүрсэн. Иргэд нь ч үүнд дассан гэхэд хилсдэхгүй. Хамаатны нэгэн хөгшин хөдөөнөөс Улаанбаатарт ирээд “Намир” гэсэн монгол хаягтай байгууллагын нэрийг “Hamip” гэж уншин хэсэгтээ төөрөлдсөн хөгжилтэй гэмээр түүх ч бий. Монголчууд гадаад нэр, хаяг, үсэгт ингэтлээ дассан байх нь. Хэдэн жилийн өмнөөс л гадаад нэр, хаягтай байгууламжийг монголоор бичих, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах олон дүрэм, журам баталсан.
Жишээлбэл, Засгийн газраас 2013 оны хоёрдугаар сарын 2-нд Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай тогтоол гаргаж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирилл бичгээр бичихийг бүх шатны Засаг даргад үүрэг болгосон билээ. Үүнээс өмнөх хууль, журамд зөвхөн төрийн байгууллагын хаягийг л монголоор бичнэ гэж тусгасан байжээ. Тэгвэл эл тогтоол хэрэгжиж эхлээд зургаа дахь жилтэйгээ золгосон ч үр дүнд хүрсэнгүй. Түүнчлэн энэ хугацаанд дахиад л хууль, тогтоомжоо шинэчилсэн байх юм. Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын 27-нд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор байгууллагын хаяг, хаягийн байгууламж ямар стандарттай байх ёстой, үүнийг хэн хэрэгжүүлж, анхаарч, хяналт тавихыг тодорхой болгосон аж. Энэ тогтоолыг хэрэгжүүлж буй эсэхийг сурвалжиллаа.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагуудын хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх ажил дүүргийн Засаг даргын Тамгын газарт харьяалагдах аж. Гэтэл тогтоолыг хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу 2018 онд нэг ч дүүрэг дорвитой ажил хийгээгүйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Билгүүн хэллээ. Тиймээс тус албанаас өнгөрсөн онд ажлын хэсэг байгуулж, томоохон ажил эхлүүлсэн аж. Тус ажлын хэсэгт дүүргүүдийн Тохижилтын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүдийг багтаажээ.
Нэг үеэ бодоход явган хүний замд ярайтал өрж, хүний хөлд саад болдог сурталчилгааны самбарыг цэгцэлж дууссан байна. Гэсэн ч аж ахуйн нэгж, байгууллагууд самбаруудаа хашаандаа оруулж тавьчихаад “Энэ миний эзэмшлийн талбай. Эзэмшлийнхээ талбайд юу хийх нь миний дур” хэмээн, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буйгаа ухамсарлахгүй байгаа нь албаныхны ажилд хүндрэл учруулж буйг хэлсэн юм. Тиймээс нийслэлийн Газрын албатай хамтран холбогдох албаны хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Мөн авто зам дагуу байрлах зар сурталчилгааны самбарыг нэгдсэн стандартад оруулж, өнгөрсөн онд 800 сая төгрөгийн ашиг олох төлөвлөгөөтэй байсныг давуулан биелүүлж, энэ жил 825 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөсөн аж.
Харин одоо ганц үлдсэн “шүдний өвчин” нь аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн байгууламж. Эл асуудлыг дүүргүүд хэрхэн шийдэж байгааг сурвалжиллаа.
Улаанбаатар хотын нүүр царай, жуулчид, гадаадын элч, төлөөлөгчдийн нүдэнд хамгийн их өртдөг Сүхбаатар дүүргээс сурвалжилгаа эхлүүлэв. Тус дүүрэгт хамаарах Энхтайвны өргөн чөлөөнд жуулчдад зориулсан худалдаа, үйлчилгээний байгууллага элбэг. Тэр дундаа гадаад, ялангуяа англи хэлээр нэр, хаягаа бичсэн газар олон. Эдгээр байгууллагад дүүргийн Засаг даргын Тамгын газраас хаягаа шинэчлэх мэдэгдэл өгсөн, эсэхийг тодрууллаа. Эхний орсон байгууллага нь “Юнител” компанийн нэг салбар. “Манайд дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдэл ирсэн. Бид үүнийг нь эсэргүйцэхгүй ч тодорхой хугацаа шаардлагатай байна. Учир нь одоо байгаа хаяг латин үсгээр бичигдсэн. Харин дүүргээс ирсэн мэдэгдлээр монгол хэлээр, кирилл үсгээр бичсэн байх ёстой. Тиймээс дахин загвар гаргаж, хийх учир хугацаа шаардана” гэсэн юм. Энхтайвны өргөн чөлөө дагуу байрлаж буй “Ариг” банк ч ийм байр суурьтай байгаа аж. Харин тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Өнөржаргалаас ажил хэрхэн явж буйг тодруулахад “Эл асуудалтай холбоотойгоор манай дүүргийн IV, V, IX, X хороонд байрлах Их тойруугийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөг жишиг гудамж болгох стандарт баталсан.
Үүний дагуу тус гудамжинд байрлаж буй 194 аж ахуйн нэгж байгууллагад нэр, хаягаа стандартад нийцүүлэх албан даалгавар хүргүүлсэн. Уг даалгаврын хэрэгжилтийг өнгөрсөн долоо хоногт шалгаж, шаардлага биелүүлээгүй 72 аж ахуйн нэгж, байгууллагын самбарыг албадан буулгалаа. Энэ нь зөвхөн Их тойруугийн гудамжинд хийсэн шалгалтын дүн. Энхтайвны өргөн чөлөөнд энэ долоо хоногт шалгалт хийхээр төлөвлөсөн” гэв. Мөн хаяг, самбарыг нь албадан буулгасан байгууллагуудад цаашид ямар самбар байрлуулах талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн аж. Хан-Уул дүүргийнхний хувьд 35 байгууллагад мэдэгдэл хүргүүлснээс 24-ийнх нь хаягийг албадан буулгажээ. Үүнээс харахад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын олонх нь өөрсдөө дүрэм журмаа биелүүлэхээс татгалзаж, “бусдаар” хийлгэж байгаа нь харагдана. Уг нь үйл ажиллагаа явуулж буй байгууллагын нэр, хаяг үйлчлүүлэгчдэд ойлгомжтой, үзэмжтэй байх нь өөрсдөд нь л хэрэгтэй баймаар. Харин үлдсэн дөрвөн дүүрэгт хотын даргын захирамж, нийслэлийн өнгө төрх ямар ч хамаагүй бололтой. Одоо болтол ганц ч үр дүнтэй ажил хийгээгүй байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэгэн байгууллагаас хотын даргын эл захирамжийн талаар мэдэж байгаа, эсэхийг лавлахад “Манайх брэндийн бүтээгдэхүүн зардаг.
...Хамаатны нэгэн хөгшин хөдөөнөөс Улаанбаатарт ирээд “Намир” гэсэн монгол хаягтай байгууллагын нэрийг “Hamip” гэж уншин хэсэгтээ төөрөлдсөн хөгжилтэй гэмээр түүх ч бий. Монголчууд гадаад нэр, хаяг, үсэгт ингэтлээ дассан байх нь...
Тиймээс нэр, хаягаа өөрчлөх боломжгүй” гэсэн хариулт өглөө. Харин тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн ажлын байрандаа байгаагүй тул утсаар лавлах гэсэн боловч мөн л холбогдож чадсангүй. Уг нь нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулах журмын хоёр дахь хэсэгт Гадна байгууламжийн бичвэрийг Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын тав дахь заалтын дагуу монгол хэл (кирилл)-ээр, үг, үсгийн алдаагүй бичих бөгөөд монгол бичиг (уйгаржин)-ээр бичиж болно гэж заасан. Мөн дээрх байгууллага шиг гадаадын брэнд бүтээгдэхүүн худалддаг бол тус журмын 2.2-т “Шаардлагатай нөхцөл (бараа, бүтээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг)-д гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг англи хэлээр бичих бөгөөд бичвэр нь монгол бичгийн бичвэрийн доод талд байрлаж, түүнээс хоёр дахин бага өндөртэй байх, эсхүл монгол (кирилл) бичвэрийн зүүн гар талд байрлаж, түүнтэй ижил өндөртэй байна” хэмээн заажээ. Гэтэл эл журамтайгаа ч танилцаагүй аж ахуйн нэгж, байгууллагууд байсаар. Арга ч үгүй биз. Шаардлага тавьж, албадан зохион байгуулах ёстой хүмүүс нь ажлаа хийхгүй байгаа нь өөрт ашиггүй зүйлд хуруугаа ч хөдөлгөдөггүй зарим нэг хүнд ийнхүү “олз” болсоор байна.