Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Цаашид хотын Захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засаг дарга өөрөө болон бусад албаны хүмүүс нь долоо хоног бүр танилцуулж байх аж. Түүнчлэн хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлын хүлээж авах тусгай дугаар ажиллуулах гэнэ.
Тэрбээр “Бид цаашид иргэд, төрийн захиргааны байгууллагуудтайгаа хамтраад, тулгамдсан асуудлаа, хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаа цаг алдалгүй гүйцэтгэж, аль болох хурдан шуурхай үр дүн гаргахын төлөө ажиллана. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийн бодлого, зорилт, шийдвэрүүд нэгдмэл, тогтвортой биш, нутгийн захиргааны байгууллагуудын ажил хэргийн уялдаа хангалтгүй, албан тушаалтнуудын ажлын үүрэг хариуцлага тодорхойгүй, иргэдийн оролцоо хангалтгүй явж ирснээс болоод ажлууд орхигдож ирсэн байна. Нийслэл хот маань бодлого, төлөвлөлтгүй, эмх цэгцгүй тэлсэн нь үнэн. Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь ч үнэн. Газар зохион байгуулалт алдагдаж, хууль газар олголт хэрээс хэтэрснийг олон түмэн мэдэж байгаа. Анхнаасаа зөв төлөвлөлт, зөв бодлого баримталж, газар зохион байгуулалтаа шийдвэрлэсэн бол Улаанбаатар хот ингэж мухардалд ортлоо явахгүй байсан. Энэ бүхэнтэй холбоотойгоор цаашид бид аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтандаа анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлагууд хотын Захирагчийн ажлын алба, Тамгын газар, харъяа агентлаг, хэлтэс, төрийн өмчит газрууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ямар уялдаа холбоотой ажиллах, ямар хариуцлага хүлээх, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнд хүргэх тал дээр ажиллаж буйгаа тодотгож хэлмээр байна” хэмээн онцоллоо.