Улаанбаатар хотод сүндэрлэх барилгууд жил ирэх тусам байгалийн эрсдэлт хүчин зүйлийн өмнө “толгой” гудайсаар. Өнгөрсөн зуны их усан бороо сүүлийн үеийн барилга байгууламжуудын үнэн төрхийг илчлээд өгснийг бид мэднэ. Энэ зун ч хур тунадас элбэг байхыг цаг уурчид таамаглаж буй. Хотын иргэд зундаа уртын харайлтаар “хичээллэдэг” бол дээр нь нэмэгдээд гэр сууц нь хүртэл усан дээр хөвж мэдэхээр нөхцөл байдал үүсжээ. Учир нь барилгын компаниуд зураг төслөө гаргахдаа норм, стандарт мөрддөггүй, инженер геологийн судалгаагаа үнэн зөв хийдэггүй, хөрсний ус зайлуулах технологио шийддэггүй, ус тусгаарлах нэмэлт материал ашигладаггүй, барилга эхлүүлэх, үргэлжүүлэх, хүлээлгэн өгөх явц дахь шат шатны байгууллагуудын хяналт муугаас өнөөдөр оршин суугчид эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.
“Хөрсний устай газар барилга барих дүрэм журам байхгүй. Тиймээс зундаа барилгуудын зоорийн давхрууд усанд автаж, чанар нь муу байгаа юм” гэх инженертэй ч таарав. Гадаадын улсуудад хөрсний ус байтугай далай дээр барилга байгууламж цогцлоож байхад бид алга дарам газрынхаа хөрсний усыг зайлуулчих технологигүй хэмээн ярьж суугаадаа нүүр улайх.
ДҮРЭМ, ЖУРМЫГ “ЗӨРЧИХ” ГЭЖ ГАРГАДАГ
Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батжилмаа “Манай улс янз бүрийн хөрсөнд барилга барих норм, норматив баталсан байдаг. Хамгийн сүүлд буюу салбарын сайдын 2016 оны 102 дугаар тушаалаар Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрмийг шинэчилсэн. Мөн Барилгын газар шороо ба буурь суурийн ажил гүйцэтгэх нормыг 2017 онд баталсан. Норм, дүрмүүд хангалттай бий. Барилгынхан үүнийг судалдаггүй учраас дүрэм журам байдаггүй гэж ярьдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэмд газар доор хийх бүх л үйл ажиллагааг дэс дараалан заасан. Барилгын суурийг зураг төслийг зөв, чанартай гаргаж байж тухайн барилга бат бөх байна. Энэхүү нормд ердийн буурь, хөрс, олон жилийн цэвдэгтэй, хөлдөхдөө овойдог, норохдоо доош суудаг, суумтгай, чийг нь нэмэгдэхэд хөөдөг болон усаар ханасан шимт гарлын хөлөрлөг хөрс, наанга шавартай, баарин гарлын, давсархаг, асгамал хөрс зэрэг онцлог бүтэцтэй газарт барилгын суурийн зураг төсөл хэрхэн хийхийг нарийвчлан тусгасан. Түүнчлэн газар хөдлөлтийн бүс дэх барилга байгууламжийн зураг төслийг зохиох норм ч тусдаа бий. Зураг төслийн инженерүүд болон хяналт тавих эрх бүхий хүмүүс үүнийг анзаарч, судалж, шат шатандаа баримталбал асуудал үүсэхгүй. Норм, дүрэм бол тухайн барилгад үүсэж болох нөхцөл байдлаас сэргийлж, ямар арга хэмжээ авах арга аргачлалыг заадаг” хэмээн ярилаа.
Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм хэмээх 150 хуудастай энэхүү барим бичигт барилгын суурийн зураг төслийг зохиохдоо ерөнхий заалт нь ямар байх, юуг анхаарах, хөрсний үзүүлэлтийг хэрхэн тооцож, газар доорх усыг яаж зайлуулах вэ гэдгийг нарийн заасан байна. Хөрсний усан дээр хэрхэн барилга барих, газар зүйн судалгааг яаж хийхийг хүртэл заажээ. Түүнчлэн барилга хазайх эрсдлийн болон суурийн даацын тооцоог хүртэл зураг төсөл боловсруулахдаа тооцох ёстой аж. Харамсалтай нь, барилгын компаниудын ихэнх нь эдгээр дүрэм, журмыг мөрддөггүйгээс усандаа “умбаж” суудаг.
Инженер геологийн судалгаа болон барилгын зураг төслийг Барилгын хөгжлийн төвийнхөн гэрээт шинжээч нараараа хянуулдаг. Зураг төслийг хянаж байгаа шинжээч нар нь норм, нормативаа мэддэг, эсэх нь бас л эргэлзээтэй гэх. Өмнө нь тус төвийнхөн шинжээч нараа сургадаг байсан бол өдгөө энэ ажлаа төрийн бус байгууллагуудад даатгаад орхижээ. Компаниуд барилга барих явцдаа технологийн алдаа гаргаснаа, хөрсний усыг зайлуулахгүй, ус нэвчих арга хэмжээгээ аваагүй хэрнээ хамаг буруугаа дүрэм, журам руу чихдэг сурагтай. Манай улс 1960-аад оноос хойш инженерүүдээ ЗХУ-д сургаж, тухайн улсын барилгын салбарт мөрддөг дүрэм, журам, стандартыг өөрийн хөрсөнд нутагшуулан, хэрэглэж иржээ. ОХУ өдгөө Европын холбооны улсуудын жишгээр барилгын норм, нормативуудаа жил бүр шинэчилдэг тул энэ тал дээр манай улс хоцрогдсон гэж хэлэхэд бэрх аж. “Хууль, дүрмийг зөрчих гэж гаргадаг” гэх олны егөө үг барилгын салбарт ийн “мөрдөгдөж” байна.
БАТЛУУЛСАН НОРМ, НОРМАТИВЫГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАНД ЗАРДАГ
Барилгын ажлыг гүйцэтгэх шатанд хяналт тавих үүрэгтэй нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг зорилоо. 2016 онд баталж, улс даяар мөрдүүлж буй гэх Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрмийг тус газрынхан одоо болтол хараагүй, юуны талаар өгүүлснийг нь ч мэдэхгүй сууна. Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хянах, хангаж ажиллах үүрэгтэй эл газрынхан нь дүрэм, журмаа мэдэхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Учрыг тодруултал шинэчилсэн норм, нормативыг худалдаж авах мөнгөгүй гэнэ. БХБЯ болон Барилгын хөгжлийн төвийнхөн ядах нь ээ мэргэжлийн хяналтынхнаа норм, нормативаар хангаж чадахгүй болтлоо дампуурсан хэрэг үү. Байцаагч нар дүрэм, журмаа мэдэхгүй байгаа тул хяналт тавих боломжгүйгээ учирласан. Ийм байхад барилгын компаниуд нь ч бүр дүүрч.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч У.Ёндон “Шинээр баталсан норм, дүрмийг мэргэжлийн хяналтын байгууллагуудад үнэ төлбөргүй өгөх ёстой. Гэтэл тэгдэггүй. Манайх нэг бүрчлэн худалдаж авах төсөвгүй. Барилга байгууламжийг батлагдсан зургийн дагуу барих ёстой. Сүүлийн жилүүдэд энэ салбарын тулгамдсан асуудлын нэг нь хөрсний ус болоод байна. Тиймээс барилгын компаниуд эхлээд хөрсний усанд хими, биологийн зэрэг төрөл бүрийн шинжилгээ хийлгэх ёстой. Тухайн хөрсний усны идэмхий чанар хэр байгааг тогтоож, барилгын хийц бүтцэд хэрхэн нөлөөлөхийг судлах нь нэн тэргүүний ажил. Уг нь барилгын суурийг хөрсний усны түвшнээс дээгүүр төлөвлөдөг. Гэвч жил ирэх тусам нийслэлийн хэмжээнд хөрсний усны түвшин дээшилсээр. Барилгын суурийг усны түвшнээс дээгүүр цутгасан ч доош сууж, хөрсний усанд автчихаад байна. Геологийн судалгааны дүгнэлтэд тухайн хөрс гадаргуугийн болон хурын усаар тэжээгдсэнээр түвшин нь 0.5-1 метр дээшлэхийг таамаглах ёстой. Гэвч өнөөдөр ийм дүгнэлт алга. Нэгэнт усанд автсан, цаашид шинээр барих барилгуудыг ийм асуудалд оруулахгүй тулд ус тусгаарлах технологийг зөв сонгох нь чухал. Хуучин дагаж мөрдөж байсан норм, дүрмээр чийгтэй хөрсөнд барилгын суурь цутгахдаа хана, шаланд халуун хар тосон түрхлэгийг хоёр удаа, устай хөрсөнд бол хар цаасыг давхарлаж наалгадаг байлаа. Энэ нь шаардлага хангахгүй болсныг бид харж байна. Импортын хар цаас хасах 25 градуст тэсвэртэй гэдэг ч манай орны нөхцөлд өвөл агшиж, тасарч унадаг. Барилгын хэв алдагдах, хазайхад ачаалал даах чадваргүй матераилаар хороолол, хотхонуудад ус тусгаарлагч хийсний гор одоо гарч байна” гэсэн юм.
АНУ-д 80 жилийн турш ашиглаж буй ус тусгаарлах резинэн материалыг хувийн компани 2013 онд Монголд оруулж ирсэн юм байна. EPDM хэмээх тус материалыг орон сууцны ус тусгаарлах технологид ашиглах стандартыг нь ч манайх баталсан аж. 600, хасах 50 градуст тэсвэртэй, нэг ам см талбайд 600 кг ачаа даах чадвартайг олон удаагийн туршилтаар баталжээ. 300 хувийн суналттай тул урагдал, хорогдол багатай гэнэ. Мэргэжлийн хяналтынхан үүнийг 2013 оноос хойш барилгын ус тусгаарлалтад ашиглах санал гаргасан ч бас л хөрөнгө мөнгөний боломжгүй гэсэн шалтгаанаар хойшлуулсаар 2018 онд дүрэм, журмыг нь баталсан гэх юм.
У.Ёндон байцаагч “АНУ-д EPDM-ийг 80 жил хэрэглэсэн. Өнөөдрийг хүртэл барилгуудынх нь дээвэр, доороос ус нэвчээгүй. Тиймээс үүнийг дээвэр бус, барилгын суурь өлгийдөх, усан сан, цонх хаалганы эргэн тойронд зэргээр олон төрлөөр ашиглах боломжтой. Гэвч барилгын салбарт нэвтрүүлэхэд хоёр ч норм батлах шаардлагатай. Тус материалыг барилгын ямар хийцэд ашиглах талаар ерөнхий зураглал алга. Одоогоор нэлээд хэдэн компани энэ материалыг хөрсний ус тусгаарлах, гараашийн дээвэр, хана, суурийн хэсэгт ашиглаж байна. Уг материалаар дээврийг нь бүрсэн таван орон сууцыг би хүлээж авсан. 15 жилийн баталгаа өгдөг юм байна. Хуурай технологитой учир өвөл ч хийж болдог. Тиймээс эл тусгаарлагчийг хороолол, хотхонуудад ашиглах боломж, нөхцөлийг нь яаралтай бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн ярив.
Мэргэжлийн хяналтын газар гэхээр бүх зүйлийг хянаж, шалгадаг мэтээр олон нийт ойлгодог. Уг нь барилгын салбарт хяналт тавих үүрэг бүхий маш олон субъект бий аж. Нэн тэргүүнд барилгын компани дотооддоо хяналт тавина. Үүний дараа захиалагч давхар нягталдаг юм байна. Хамгийн сүүлд зураг төсөл зохиогч өөрийнх нь зургаар барилгыг нормын дагуу, чанартай барьж байна уу гэдгийг шалгадаг аж. Барилгын суурь, арматур зэргийг хийсний дараа инженерээр шалгуулан, гарын үсэг зуруулж, угсрах ажлыг үргэлжлүүлэх дүрэмтэй. Гэвч эдгээр хяналтыг бараг хийдэггүй. Ихэнх нь зураг төслийн компанид зохиогчийн хяналтын төлбөр төлдөггүй гэх. Мэргэжлийн хяналтын цөөхөн хэдэн байцаагч хотын бүх барилгаар явж амжихгүй гэдгээ хэлж байв.
Хуучнаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар өдгөө Хот байгуулалт хөгжлийн газар нэртэй үйл ажиллагаа явуулах болжээ. Барилга байгууламжийн хяналтын хэлтэст нь хяналтын инженер гэх сэтэртэй олон хүн ажилладаг. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон газруудынхаа явцын хяналтыг тэд хийх үүрэгтэй. Гэвч ажлаа тааруу хийдгийг мэргэжлийн хүмүүс “ховлосон”. Эдгээр хяналтыг сайн хийсэн байхад тухайн барилгад алдаа, зөрчил гарахгүй л баймаар.
ХОРООЛОЛ ДУНДУУР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ БАРИХ БОЛОМЖГҮЙ
Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрмийг боловсруулсан эрдэмтдийн нэг нь ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн профессор, академич Д.Дашжамц. Түүнээс одоо үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад “Газар доорх болон гадаргуугийн усыг хэрхэн зайлуулах, барилгыг уснаас яаж хамгаалах талаар шинэ нормд дэлгэрэнгүй оруулсан. Гэвч үүнийг мөрдүүлэхэд хэд хэдэн зүйл тулгамдаад байна. Нэгдүгээрт гадаргуугийн усыг хэрхэн зайлуулах вэ гэдэг асуудал. Цаг уурчдын таамаглаж буйгаар, нийслэлд 20, 50, 100, жилийн давтамжтай үер болдог юм байна. 1965-1966 оны үерээр180 хүн нас барж, олон хүн эд хөрөнгөгүй хоцорсон. Хамгийн сүүлд буюу 2004 оны үерт 10 гаруй хүн үйсэн байдаг. Улаанбаатар хотод үерээс хамгаалах байгууламж бий. Харамсалтай нь, хоолойнуудыг хооронд нь холбодоггүй. Усыг нэгдсэн системээр зайлуулах боломжгүй учир байрнуудын зоорийн давхар руу урсчихдаг. Үүгээр зогсохгүй газар доогуурх ус зайлуулах инженерийн байгууламж дээр барилга барих зөвшөөрөл олгодог, зарим хэсэгт шугам хоолойг боомилж, тасалсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг дэх ус зайлуулах нэг диаметр бүхий бүдүүн хоолойг огтолж, дээр нь газар олгосон асуудал өчнөөн” гэж өгүүлэв.
Түүний санааг чилээж буй дараагийн асуудал нь хөрсний усны усны түвшнийг тодорхой хэмжээнд доошлуулж, ус шүүрүүлэх системийг орон сууц болгоны хонгилд барих явдал. Гэвч манайхан ус гадагшлуулах бус, барилга руу ус оруулахаар “тооцож”, технологио шийддэг аж. Д.Дашжамц профессор “Ус зайлуулах систем хийлээ ч барилгуудын зоорийн давхрын бетон нь хүртэл ус нэвчдэггүй байх ёстой. Үүнийг эсэргүүцэх зэрэг нь найм байх атал манайхан ердийн сийрэг бетон ашигладаг. Өнгөрсөн зуны борооноор зөвхөн Хан-Уул дүүрэгт л гэхэд 60 гаруй барилга усанд автсан. Тэдгээрийг судлахад, барилгуудын эргэн тойронд ус зайлуулах суваг шуудуу байдаггүй. Зураг төсөл зохиохоос өгсүүлээд барилга барих явцад алдаа гаргадгаас дээрх асуудлууд үүсдэг юм билээ. Түүнчлэн барилга хоорондын зай хэт ойр байгаагаас усанд автсан хороолол дундуур ус зайлуулах систем барих боломжгүй болжээ. Нийслэлчүүд ийм л хүнд байдалд орчихоод байна. Ус тусгаарлах зуурдаг, наадаг, түрхдэг олон янзын материал байна. Хамгийн гол нь эдгээрийг барилгын бусад бүтэцтэй яаж холбох вэ гэдэг маш чухал. Манайх шиг өдөр, шөнийн температурын зөрүү нь хоёр дахин хэлбэлздэг орны хувьд хэр баргийн материал чанараа алддаг. Сайн чанарынхыг нь ашиглалаа ч дээврийн ханатай холбогдох хэсгээр, эсвэл ус зайлуулах хоолойтой уулзаж буй газраар ус гоождог. Энэ нь барилгын ажилтнуудаас өндөр ур чадвар шаарддаг учраас тэр. Хүмүүсээ сургах шаардлагатай” хэмээлээ.
Ус, чийгтэй, сул хөрсөнд барьсан сүүлийн үеийн хорооллууд газар хөдөлбөл даалуу шиг л нурахад ойрхон болсныг мэргэжлийн хүмүүс ийн хэлэв. Хөрсний ус байрнуудын суурийн төмөр бетоныг “идэж”, барилгын насыг 20-30 хувиар бууруулдаг болохыг судалж, тогтоожээ. 2018 онд Улаанбаатар хотын хэмжээнд 260 орчим барилгын хонгил усанд автсан. Бороо үүний гол буруутан байхаа больж, хотын барилгууд хөрсний усандаа жицвэх болов. Хуримтлагдсан усыг зориулалтын шугам, хоолойгоор дамжуулан үерийн далан, шуудуу руу нийлүүлэхийг дренажийн систем гэдэг аж. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний усыг ийм аргаар зайлуулдаг гуравхан байгууламж бий. Гэвч дээр нь газар олгож, хоолойг хэрчсэнээс болж ус зайлуулж хүчрэхээ больжээ. Мэргэжлийн байгууллагынхны хэлснээр, Туул, Дунд голын дагуу барьсан хорооллууд байрлалын хувьд нам дор оршдогоос дренажийн систем байгуулахад төвөгтэй гэнэ.