Эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд хууль тогтоох чиглэлд хийхээр зорьсон хамгийн том ажил нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид бүх түвшиндээ санал нэгддэг. Гэтэл яг хийх болохоороо тал тийшээ хараад суучихдаг, нэг нэгэндээ саад тээг тавиад урагш гишгүүлдэггүй уг ажлыг энэ удаагийн парламент тун зоримог барьж авсан. УИХ-ын шинэ дарга ч хэдэн парламент дамжин яригдсан “Эцэг хууль”- ийг өөрчлөх ажлыг өөрөөрөө “овоглож”, Монголын төрийн гажуудсан тогтолцоог засахад хувь нэмрээ оруулсан хэмээн түүхэнд нэрээ үлдээх том амбицтай нь илт харагддаг. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөвхөн энэ удаагийн парламентын, ганц өнөөгийн УИХ-ын даргын мөрөөдөл биш. Үе үеийн эрх баригчид чухам үүнийг л хүсэж, янз бүрээр оролдож үзсэн байдаг билээ.
“Эцэг хууль”-ийг өөрчлөх найдвар алсарч, эргэлзээ томорсоор МАН ч засгийн эрх авангуутаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд ханцуй шамлаж, 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн заагаад, уг зорилгоо биелүүлэхийн тулд багагүй хүч, хөрөнгө, цаг хугацаа зарцуулан, уйгагүй зүтгэсээр өнөөг хүрлээ. УИХ-д үнэмлэхүй олонх болсон, хууль тогтоох, шийдвэр гаргах тал дээр юунд ч торохгүй, чухам л уулыг эргүүлж, усыг эрчлүүлэх хүчтэй мэт харагдаж асан эрх баригчдыг Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэхэд олон нийт эргэлзээгүй. Шилжилтийн үеийн Үндсэн хуулиа сайжруулж, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах өөрчлөлтийг өнөө хэр тэднээс хүлээсээр байгаа. Гэвч гурван жил шахам үргэлжилж буй энэ ажил тодорхой үр дүнд хүрээгүйгээр барахгүй цаашид үр дүнд хүрэх, эсэх нь ч эргэлзээ төрүүлж эхлэв.
ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АЖИЛ ГАЦААНД ОРЖЭЭ
Сүүлийн дөрвөн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ямар нэг байдлаар ярьж, зарим нь төсөл боловсруулж, бэлэн болгосон ч хэлэлцүүлж чадаагүй юм. Энэ удаагийн парламент ч төлөвлөгөөгөө хэд дахин хойшлуулаад байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гардан эхлүүлсэн хүмүүс 2017 оны хавар “Ирэх (2017 оны) есдүгээр сард төслөө УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлнэ” хэмээн итгэл төгс мэдэгдэж байсан бөгөөд ээлжит бус чуулган хуралдуулна хэмээн тооцож буйгаа хэлж байв. Тэр нь бүтээгүй. Есдүгээр сард гэсэн нь дараа жилийн хаврын чуулган завсарлахаас өмнө, түүний дараагийн намар болж хойшилсоор, гурван он, хавар, намрын дөрвөн чуулган улираан өнөө хүрэхдээ зогссон газраасаа нэг алхам ч урагшилсангүй.
Уг нь зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, байн байн хэвлэлийнхнийг цуглуулаад “Эцэг хууль”-ийг өөрчлөх ажлын хэсгийнхэн тун ч эрчтэй, хурдтай, ил тод ч гэж жигтэйхэн ажлаа эхлүүлсэн. Харин дунд үедээ буюу төсөл боловсруулах үе шатанд “нуувч”-нд орчихоод одоо болтол гарч ирээгүй л байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах явц ямархуу байгаа, цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж буй талаараа ажлын хэсгийнхэн албан ёсоор ам нээлгүй жилийн нүүр үзлээ. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар “Эрх бүхий субъектүүдээс санал авахаар хүргүүлсэн” гэсэн бүдэг бадаг мэдээллийг эх сурвалж өгснөөс хойш өнөө хүртэл таг суугаа.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бэлэн болсон төслийн талаар бүхэлд нь Ерөнхийлөгч, Засгийн газраас, шүүх эрх мэдэлтэй холбогдсон асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс, хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос санал авах, мөнгө, зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцөх, үндэсний аюулгүй байдалтай холбогдсон асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр заасан. Дээрх байгууллагуудаас санал авахаар хүргүүлсэн гэдэг нь ажлын хэсэг “Төсөл бэлэн болсон” гэж үзсэн гэсэн үг. Харин өнгөрсөн хавар бэлэн болсон төсөл өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн баригдаагүй, тодорхой бус шалтгаанаар “алга болсон” нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд гацаанд орсон гэж үзэх хангалттай үндэслэл билээ.
ЭРХ БАРИГЧДЫН ХҮЧИНД ЭРГЭЛЗЭХ ШАЛТГААН
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд эхнээс нь ихээхэн үүрэгтэй оролцож, гол нурууг нь босгож, шугамыг нь татсан хүмүүсийн нэг Г.Занданшатар УИХ-ын дарга болсноор МАН-ын дотоод хагарал, бас бус шалтгаанаар “унтарч”, мартагдах шахсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил сэргэх болов уу гэсэн хүлээлт үүссэн. УИХ-ын шинэ дарга ч чадлынхаа хэмжээнд энэ ажлыг урагшлуулахаар зүтгэж буй.
...“Эцэг хууль”-ийн өөрчлөлт бол замын ноход хуцаж л байг, жингийн цуваа явж л байя гэдэг зарчмаар хандах асуудал биш. “Үндсэн хууль бол ард түмний зөвшилцлийн гэрээ” гэдэг. Энэ нь нийгмийн бүх тал, олон нийт, улс төрийн намууд нэгдсэн байр суурьт хүрч байж уг хуулийг өөрчлөх ёстой гэсэн санаа. Гэтэл нөхцөл байдал “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж буй хүмүүст улам л ашиггүй тал руу өөрчлөгдсөөр байгаа нь энэ ажил бүтэлтэй болно гэх итгэлийг сулруулж, эргэлзээг нэмж байна...
Г.Занданшатар УИХ-ын дарга болонгуутаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, “Бидэнд ухрах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ” гэсэн. “Унтчихсан” байсан ажлын хэсгүүд “сэрж”, хурал хуйгаа хийж буй ч “Эцэг хууль”-ийг өөрчлөх ажил дорвитой урагшлахгүй л байна.
Яг үнэндээ төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн болгоомжилсон байдалтай, төслөө эцэслэж, УИХ-д өргөн барилаа ч батлагдана гэсэн итгэлгүй байгаа юм билээ. МАН УИХ-д үнэмлэхүй олонх хэдий ч парламентын нэр хүнд, улстөрчдөд итгэх олон нийтийн итгэл унасан энэ үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлж, амжилтад хүрэх боломж хомс гэж эрдэмтэн, судлаачид үзэж буй гэсэн. Тиймээс парламентын нэр хүндийг сэргээх, олон нийтийн итгэлийг төрүүлэх ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн хүлээж буй талаар эх сурвалж хэлсэн.
Ийм үед муу дээр муу, муухай дээр улцан гэгч болж, УИХ-ын гишүүдийн олонх нь ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон нь нөхцөл байдлыг улам дордуулаад байгаа аж. Уг зээлийн асуудал боссоноор парламентын нэр хүнд, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх чадамж лав л энэ бүрэн эрхийн хугацаанд сэргэхээргүй болсон нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд том саад болж байна. Яг одоо УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцлээ гэж бодоход захын улс төрийн хүчин “ЖДҮ-чин парламент энэ асуудлийг шийдэх эрхгүй” хэмээн гудамжинд жагсаж, олон нийтийн дэмжлэгийг авах хөрс суурь бэлэн байгаа нь ажлын хэсгийнхнийг ийн болгоомжлоход хүргэж буй хэрэг.
Сонгууль дөхөж, улс төр улам “улайсах” цаг юу юугүй хаяанд тулсан нь Үндсэн хууль өөрчлөх ажил бүтэлтэй болоход эргэлзэх бас нэг шалтгаан нэмж байна. АН-ынхан “УИХ эрх баригчдын ганц бүлэгтэй, сөрөг хүчингүй болсноор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чадамжаа алдсан. Сөрөг хүчингүй эрх баригч Үндсэн хуулийг өөрчлөх гэвэл бид эсэргүүцнэ. УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин, дээр нь Ерөнхийлөгч нэгдмэл саналтай байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ хэлэлцэх ёстой” хэмээн мэдэгдсэн нь сайны ёр лав биш. Өмнө нь “Улс төрийн намууд, ялангуяа УИХ дахь 76 гишүүний ойлголцол, зөвшилцлөөр уг асуудлыг шийдэх учиртай” хэмээн сануулж, бидэнтэй ойлголцож, зөвшилцөөд үүнийгээ хийж болно гэсэнтэй агаар нэг, юу юугүй сэлэм эргүүлчихээргүй байр суурь илэрхийлж байсан бол, энэ удаа эрс эсэргүүцнэ гэлээ.
УИХ дахь цөөнхөөс гадна Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон “Олон нийтэд таалагдах хэдэн заалтаар нүд хуурч байгаад Үндсэн хуульд зарчмын маш том өөрчлөлт оруулах гэж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намын нөлөөллийг төрд илүү оруулах гэсэн хоёр зүйлийг Үндсэн хуульд оруулахын тулд наана нь жижиг сажиг будаг шунхны засвар хийжээ. Хүмүүст таалагдахын тулд бүх зүйлийг Үндсэн хуулиар зохицуулах гээд чихчихсэн харагдсан. Тэгсэн хэрнээ тогтолцооны гажгийг засах гол өөрчлөлтөө хийгээгүй байна. Зарчмын том өөрчлөлт хийгээгүй гэчихээд сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж байгаа нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж буйгаас ялгаагүй хэрэг” хэмээн шүүмжилсэн байр суурьтай байгаа. Олон нийтийн дэмжлэгийг авах бүрэн нөөц боломжтой хоёр томоохон субъект ийм байр суурь илэрхийлж буй нь эрх баригчдын хүчинд эргэлзэх шалтгаан юм.
“Эцэг хууль”-ийн өөрчлөлт бол замын ноход хуцаж л байг, жингийн цуваа явж л байя гэдэг зарчмаар хандах асуудал биш. “Үндсэн хууль бол ард түмний зөвшилцлийн гэрээ” гэдэг. Энэ нь нийгмийн бүх тал, олон нийт, улс төрийн намууд нэгдсэн байр суурьт хүрч байж уг хуулийг өөрчлөх ёстой гэсэн санаа. Гэтэл нөхцөл байдал “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж буй хүмүүст улам л ашиггүй тал руу өөрчлөгдсөөр байгаа нь энэ ажил бүтэлтэй болно гэх итгэлийг сулруулж, эргэлзээг нэмж байна.
Үндсэн хуульд яг оносон өөрчлөлтийг оруулж, нийгмийн “өвчилсөн” тогтолцоог эмчлэн, буруу голдирлоор явж буйг нь засаж залруулах үндэс суурийг тавьж чадах уу гэдгээс гадна “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хууль болох уу, багагүй хөрөнгө, хүч зарсан энэ ажил үр дүнгүй цаас болоод өнгөрөх үү гэдэг асуулт хариулт нэхэх боллоо.