Нийслэлчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон малын махны үнэ ханш харьцангуй өндөр байгаатай холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан "Хүчит шонхор" хүнсний зах дээр ажиллаж махны жижиглэнгийн худалдагчид, худалдан авагч иргэдтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр махны үнийг буулгах, тогтвортой болгох чиглэлээр нийслэлээс хамаарах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлнэ гэлээ.
Тухайлбал, махны үнийг тогтворжуулах зорилгоор хаврын улиралд нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ онд 4000 гаруй тонн мах бэлтгэж, нөөцөлжээ. Уг махыг даваа гариг буюу энэ сарын 15-наас эхлэн борлуулах юм байна. Махны жижиглэнгийн үнэ үхрийнх нэг килограмм нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж. Албан ёсны нөөцийн махыг 2-3 килограммаар савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм байна.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ жилийн нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 12 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөж, хөнгөлөлттэй зээлд 4.6 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Гэвч аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоогүй бөгөөд мах бэлтгэх гуравхан аж ахуйн нэгж оролцож, 4000 тонн мах л бэлтгэсэн байна.