Иргэдийн хүсэлтийн дагуу нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилснийг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Ингэхдээ хэт урт зам туулж, иргэдийг нэлээд удаан хүлээлгэдэг зарим чиглэлийг богиносгожээ.
Нийтийн тээвэртэй холбоотой саналаа иргэд 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш өгөх боломжтой юм байна. Олон нийтийн саналыг судалж, шаардлагатай гэж үзвэл зохих арга хэмжээг авна гэж дээрх байгууллагынхан мэдэгдэв. Ямар ямар чиглэлийг өөрчилсөн талаар дурдъя.
•Хан-Уул дүүргийн X, Чингэлтэйн XIX хорооны иргэдийн хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний “Ч:7” дугаарын Зунжин-Долоон буудал-Нисэх чиглэлийг хоёр хуваажээ. Ингэснээр Нисэх-МУБИС-Ард кино театр, Зунжин-Долоон буудал-Ард кино театр-“ДЦС-3” гэсэн хоёр шинэ чиглэл бий болов.
•Сонгинохайрхан дүүргийн VIII, IX, X хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн саналын дагуу “Ч:43” дугаарын Баянхошуу-Ард кино театр-“ДЦС-3” чиглэлийг богиносгожээ. Тухайлбал, өдгөө Баянхошуу-Ард кино театр-“Бөмбөгөр” худалдааны төв, “ДЦС-3”-Нарны гүүр-“Цэцэг” төв-“Бөмбөгөр” худалдааны төв гэсэн хоёр чиглэлийн автобуснуудаар иргэд зорчих боломжтой.
•Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний “Ч:54” дугаарын Яармаг-X хороолол-III, IV хороолол-Зурагт чиглэлийн автобуснуудын явах замыг Баянхошуу хүртэл сунгах болсон байна.