Ашиглалтын шаардлага хангахаа больж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байсан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дахь “Сүүний үйлдвэр”-ийн 16 дугаар байрны буурин дээр “Шинэ төсөл хотхон” сүндэрлэж, оршин суугчид нь өчигдөр түлхүүрээ гардан авлаа.
Гэвч зарим иргэн шинэ байраа голж, хэрхэхээ мэдэхгүй бухимдаж буй нь ажиглагдав. Тус хотхонд байр захиалсан Т.Энхжаргал “Дахин төлөвлөлтөд хамрагдаж, 2015 онд газраа чөлөөлөн гурван өрөө байр авахаар болсон юм. Бид зөрүү хэмээн 130 гаруй сая төгрөг нэмж төлсөн. Гэтэл барилгын чанар маш муу байна. Герман стандартын паркетан шал шахсан гэж байгаа ч суурилуулалт хангалтгүй, дээр нь гишгэхэд цаанаа зайтай байгаа нь мэдэгдэнэ. Сантехникийн холболт нь ч тааруу. Цахилгааны утас нь ил гарчихсан байгаа нь бухимдал төрүүллээ. Ханын цаасаа бид өөрсдөө сонгосон юм. Ашиглалтад оруулсны дараа харахад миний захиалснаас огт өөр, хямдхан цаас ашиглажээ. Ийм байранд орохыг хүсэхгүй байна” гэв.
Тус барилгын зураг төслийг ч олон дахин засаж, мэргэжлийн бус хүмүүс ажилласныг тэрбээр онцлов. Байрны түлхүүрээ гардаж авахаар Т.Энхжаргалаас гадна есөн хүн ирсэн юм. Тэднээс барилгын чанарт сэтгэл хангалуун байгаа, эсэхийг нь тодруулахад олонх нь “Халуун устай болсон тул гомдоллох зүйлгүй. Бидний өмнө амьдарч байсан байр үүнээс дор байсан” гэцгээв.
Барилгын чанар, ашигласан материалын талаар гүйцэтгэгч “Металл энд вүүд” компанийн ерөнхий захирал О.Хонгорзулаас тодруулахад “Газар хөдлөлтийн 7-8 баллд тэсвэртэй. Барилгын материалынхаа 90 хувийг урд хөршөөс оруулж ирсэн. Цемент, хар замаск зэргийг дотоодоосоо хангалаа. Богино хугацаанд барьсан барилга чийгтэж, цан цохисны улмаас ханын цаас хуулрах нь бий. Үүнийг засуулах хүсэлт гаргавал зардлыг нь манай компанийнхан хариуцна. Бид барилгын хямд материал сонгож болох байсан ч хамгийн сайн, үнэтэй гэснийг нь ашигласан” гэлээ.
Байрны түлхүүр гардуулах ёслолд нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн орон сууцны корпорацын захирал Б.Сүхбаатар, тус хорооноос сонгогдсон, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Төмөрхуяг нар оролцсон юм. Шинэхэн барилгатай танилцах үедээ нийслэлийн Засаг даргын орлогч “Саруул том цонхтой сайхан байр байна. Барилгын ажлын эхний шатны явцтай танилцахад хэцүүхэн харагдаж байсан. Одоо харахад сайхан байр болжээ” гэв.
Тэнд өмнө нь оршин суудаг байсан айлуудын газрыг 2015 онд чөлөөлүүлж, гэрээ хийх зураг төсөл батлуулах зэргээр хугацаа алдаж, 2017 оны арванхоёрдугаар сард барилгыг нураасан аж. Нэг жил найман сарын дотор тус хотхоныг барихдаа 4.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Тус байрыг Улсын комисс хараахан хүлээж аваагүй бөгөөд заслын ажил нь дутуу байгаа гэж гүйцэтгэгч компанийнхан тайлбарлав.