“Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан-2019” судалгаа хийснээ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв өчигдөр танилцууллаа. Тухайн дүүргийн иргэдийн амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, ажил эрхлэлтийн түвшин, өрхийн орлого, цахилгаан, усан хангамжийн доголдол, аж ахуйн нэгжүүдийн төвлөрөл, интернэттэй өрхийн тоо зэрэг 150 шалгуураар, иргэдэд тавьсан санал асуулга, статистик мэдээнд тулгуурлан тус судалгааны үр дүнг тооцоолжээ.
2017 оноос хойш хоёр жил тутам гаргадаг уг тайлангийн энэ удаагийнхад Хан-Уул дүүрэг тэргүүлж, Баянгол, Баянзүрх удаалсан бол Налайх, Багахангай сүүл мушгисан аж. Өрсөлдөх чадвараар тэргүүлсэн дүүргүүдэд 1000 хүнд ногдох өвчтөний тоо, гэр бүл цуцлалт, ажилгүйчүүд болон орон гэргүйчүүдийн тоо цөөн ч хүн амын төвлөрлөл их, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй, хүүхэд тоглох аюулгүй орчин хязгаарлагдмал зэрэг сөрөг талтай гэнэ.
Харин өрсөлдөх чадвараар сул буюу хотын захын дүүргүүдэд сургууль, цэцэрлэгийн нэг үндсэн багшид ногдох хүүхдийн тоо цөөн, агаарын бохирдол бага, хөршийн холбоо сайн зэрэг эерэг үзүүлэлт цөөнгүй ч ядууралд өртөх эрсдэлтэй хүн амын тоо олон, эдийн засгийн бүтээмж болон багтаамж багатайг судлаачид тэмдэглэв. Судалгааны үр дүнг нэгтгэн Улаанбаатар хотынхыг дүгнэхэд нэг онооноос 0.55-ыг авчээ. Энэ нь өрсөлдөх чадварын ерөнхий индекс 2017 оныхоос 7.1 хувиар сайжирсан үзүүлэлт аж.