Эмэгтэйчүүдэд зориулсан олон групп “Фэйсбүүк”-т байдаг. Тэдгээрээс хамгийн том нь 50-120 мянган гишүүнтэй “Мамми централ” болон “Жирэмсэн эхчүүдийн групп. Гишүүд сайн үйлсийн аян өрнүүлж, нэгэндээ туслах нь бий. Гэхдээ гол ажил нь хов “базаж”, хэрүүл маргаан хийх гэхэд хилсдэхгүй. Бас зүсэн зүйлийн юм нэгнээсээ асууж, нөгөөдүүл нь хэт мэдэмхийрсэн “зөвлөгөө” өгөх нь түгээмэл. Зах зухаас нь дурдвал, “30 настай, анх удаа жирэмсэлсэн. Нөхрөөсөө салчихсан. Хүүхдээ авхуулах уу, гаргах уу”. “Дөрвөн хүүхэдтэй, нөхөр минь өөр эмэгтэйтэй “яваад” жил болсныг саяхан л мэдлээ. Сүүлдээ надад гар хүрдэг боллоо. Салах уу, яах уу, зөвлөөч”. “Ганц бие ээж байна. Хүүхдээ хүнд өргүүлэх гэсэн юм. Амьдрал үнэхээр хэцүү, өөр арга алга. Найдвартай хүн байна уу”. “Есөн сартай хүүхэд минь гэнэт гүйлгэж, бөөлжөөд урвайчихлаа. Хордлогод юу сайн бэ, ээжүүд ээ”. “Хүүхдийн биеэр юм туурчихаж. Энэ юу вэ. Харшилд сайн тос байна уу, туслаач” гэх мэт “яриа” дээр дурдсан группүүдэд хэдэн зуугаараа бий. Тэдэнд туслах гэсэн бусад гишүүний “зөвлөгөө” голдуу хар бараан. “Нөхрөөсөө салаач, алаач, зайлуул. Хүүхдүүдийг нь өгч явуул” гэх зэргээр хүний амьдралыг “шийддэг” хэсэг бүлэг байхад “Харшилд ийм тос сайн. Хордлогод үүнийг өгвөл дороо эдгэрдэг” гэх “эмч” ч олширчээ.
Уучлаарай, бүсгүйчүүд ээ. Нөхөр чинь өөр эмэгтэйтэй, бас таныг зоддог бол хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагад ханд.
Компьютерын цаанаас нэр, нүүрээ нуусан нэгэн та, бидний амьдралыг шийдэх ёсгүй, тийм эрх ч байхгүй.
Хүүхэд гүйлгэж, бөөлжих бүрт хордлого байдаггүйг эмч нар хэлэв. Сүүлийн үед вирусийн гаралтай ханиад, томуу хордлогын шинжээр илэрч, өвчин амархан хүндрэх болсон тул түргэн тусламжийн 103, эсвэл өрх, дүүргийнхээ эмнэлэгт яаралтай очихыг зөвлөсөн. Биеэр гөвдрүү туурсан бүхэн харшил биш гэдгийг жирийн иргэд ч гадарлана. Улаан бурхан, менингит, салхин цэцэг зэрэг туурах шинжээр илэрдэг, олон өвчин бий. Зөвхөн халдвар судлаач эмч шинж тэмдгээр нь ялгаж, оношлох тул ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандах, эсвэл, хүүхдээ эмнэлэгт хүргэх нь хамгийн зөв алхам юм.
Хүүхдийн нас, биеийн онцлогоос хамаарч дархлалын тогтолцоо харилцан адилгүй тул мэргэжлийн бус хүмүүсийн зөвлөгөөг дагасны уршгаар биеийн байдал нь бүр дордож, харшилсан, татсан, ухаан алдсан тохиолдол бишгүй гардаг юм байна. Хэн нэгнээс тусламж хүсэн, асууж, зөвлөлдөх нь буруу биш. Гэхдээ хаана хандаж, хэнээс зөвлөгөө авах ёстойгоо ойлгох цаг хэдийн болжээ.