Нийслэлийн удирдах ажилтны өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцлээ. Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс “Өнгөрсөн 14 хоногт гэмт хэрэг, зам, тээврийн ослын 21 311 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 20 754-ийг нь шалгаж, шийдвэрлэв. “Цахим тоглоом” нэртэй аян зарлаж, 597 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянаж шалгахад, цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлээгүй зэрэг 54 зөрчлийг илрүүлэн, 5.7 сая төгрөгөөр торгож, 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон” гэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг иргэдийн гомдлын дагуу шалгалаа. Шалгалтад хамруулсан 123 эмнэлгийн зарим нь тусгай зөвшөөрөлгүйн дээр стандартын шаардлага хангаагүй орчинд иргэдэд үйлчилж байна” гэсэн юм. Иймд тус газрынхан илэрсэн зөрчлийг арилгуулахаар 37 эмнэлэгт шаардлага хүргүүлжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод нийт 33 км далан, үерийн 109.6 км суваг, шуудуу байгаагийн 73.3 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан аж. Эхний ээлжинд үерийн далангуудын 60 хувийг засаж, шинэчлэх шаардлагатайг албаны хүмүүст уламжлав.