Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон Бодь цамхаг хоорондын зайнд байрлах хэсэг газарт 2019 оны гуравдугаар сарын 18-ны 17.30 цаг орчимд гал гарсан байна. Тус хоёр барилгын хоорондын зайд Бодь цамхагийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдсан модон эдлэлүүд түр хураалттай байжээ.
Гал гарч, ахуйн эд зүйлс шатсаны улмаас НЗДТГ-ын байрны А корпусын 1-2 давхарын тухайн хэсэг рүү харж байрласан оффисын өрөөний хоёр цонхны шил хагарсан бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учраагүй, түлэгдэж бэртсэн, угаартсан хүн байгаагүй. Мөн эд хөрөнгөнд ноцтой хэмжээний хохирол учраагүйг албаны хүмүүс мэдээллээ. Галын дуудлага авсан даруйд Гал унтраах, авран хамгаалах 10-р ангийн алба хаагчид болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ирж барилгын гадна талыг хамгаалалтад авч, гал унтраах арга хэмжээг шуурхай авснаар галыг бүрэн унтраасан байна.
Тус газарт гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд яг одоо ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын галд өртсөн дээрх хоёр өрөөнөөс бусад хэсэгт гал тархаагүй, хохирол учраагүй тул өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.