Бэлтгэлээ сайтар базаагаарай гэр хорооллын иргэд ээ, байранд байгаа мэт тухтай амьдрах боломж бүрдүүлнэ гэнэ, цаана чинь. Энэ онд нийслэлийн цөөнгүй газрыг дахин төлөвлөж, гэр хорооллын айлуудыг төвийн шугамд холбохоор болжээ, хотын удирдлага. Үлгэр мэт уншигдаж байж болзошгүй. Гэхдээ шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн нь дээрх төлөвлөлтийг бодитой болгож буй. Гурван жилийн дараа хоногт 260 000 шоо метр ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий, шинэ технологитой Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна. Энэ нь Улаанбаатарт дараа дараагийн бүтээн байгуулалтыг хийх боломжийг нээсэн үйл явдал юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлага ирэх гурван жилд тун завгүй байх нэг шалтаг нь Төв цэвэрлэх байгууламжийн барилгын шавыг тавьсан явдал. Иргэдэд амласан ёсоороо хотын удирдлага Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулангуут төв шугамаа төлөвлөлт хийсэн бүх газарт хүргэх юм. Тэндээсээ салбар шугам угсарч айл өрхүүд рүү салаалуулах боломж бүрдүүлэх ёстой. Ингэж байж уулын орой дээр байгаа айл төвийн шугамд холбогдон, бохир, цэвэр усны эх үүсвэрээ шийднэ. Уулын орой дээр байгаа айлууд хананаасаа халуун ус авахын тулд гэрийнхээ ойр орчмын шугамыг өөрсдөө татна. Харин улс салбар болон төв шугамыг татах юм. Газар доор шугам нэмж угсран, одоо байгааг нь сайжруулж, засаж сэлбэх, үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөх гэх мэт багагүй ажил хотынхныг хүлээж буй. Засгийн газраас ч инженерийн шугам сүлжээгээ сайжруулах чиглэлийг өгсөн нь үүнд түлхэц үзүүлсэн.
Нийслэлийн хүн амыг хамгийн ихдээ 500 000 байхаар тооцоолон Төв цэвэрлэх байгууламжийг анх барьсан гэдэг. Хоногт 160 000 шоо метр бохир ус зайлуулах хүчин чадалтай гэх ч өдгөө 200 000 шоо метрийг татан цэвэрлэж буй. Түүнчлэн ахуйн хэрэглээний ус цэвэршүүлэх зориулалтаар анх байгуулсан ч өдгөө үйлдвэрээс гарсан бохирыг ч цэвэршүүлдэг. Барьснаас нь хойш дорвитой шинэчлэл, засвар хийгээгүй тул зарим төхөөрөмжүүд нь хуучирч, муудан, бохир усаа цэвэршүүлэлгүй Туул гол руу цутгах нь холгүй байдаг. Тиймээс дээр нь нэмж гэр хорооллын айл өрхүүдээс ирэх бохир усыг хүлээж авах, цэвэрлэх хүчин чадал өнөөдөртөө Төв цэвэрлэх байгууламжид алга. Харин шинэ байгууламж шинэ технологитой, бас хоногт 260 000 шоо метр ус хүлээн авч цэвэршүүлэх боломжтой. Үйлдвэрийн төдийгүй нийслэлийнхний бохир усыг ч цэвэршүүлнэ гэж албаныхан мэдээлж буй. Тийм учраас “Гэр хороололд хаусаа бариад, байранд байгаа мэт тав тухтай амьдарч болно” гэх үгийг хотын удирдлага үе үе цухалзуулах болсон. Хамгийн гол нь шинэ Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохир, цэвэр усны төв шугамын хэвийн найдвартай ажиллагааг ирэх гурван жилд бүрэн шийдэх шаардлага хэдийнэ тулгарчээ.
Өнгөрсөн жилүүдэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллын 267 худгийг хооронд нь цэвэр усны шугамаар холбосон. Эхний ээлжинд уг сүлжээ тархсан газруудыг бохир усны шугамд нийлүүлжээ. Одоогоор Шархад, Сэлбэ, Хайлааст, Долоон буудал, Ханын материал, Баянхошуу зэрэг газарт бохир усны том шугам тавьсан гэнэ. Тиймээс дээрх газарт байгаа айл өрхүүд цэвэр, бохирын шугамд холбогдох бүрэн боломжтой.
Алслагдмал дүүргүүдэд усан сан байршуулж, цэвэр усаар найдвартай хангахаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан ажиллаж байна. Цэвэр усны эх үүсвэр бүхий газруудад бохир усны шугамуудыг шинээр угсрах учраас ийн ажиллаж буй. Үүний дагуу 2019 онд Улиастай, Цайз, Толгойт, Дамбадаржаа, Зурагт, I хороолол орчмоор бохир усны шугам тавина. Мөн III, IV хорооллын хойд талын айлууд ч эл төлөвлөлтөд багтжээ. Яармаг руу хотын захиргааг шилжүүлэхтэй холбоотойгоор нийслэлийн хөрөнгөөр уг байршилд бохирын шугам тавих аж. Үүнтэй холбоотойгоор хоногт 20 000 шоо метр ус хүлээн авах хүчин чадал бүхий дэд Цэвэрлэх байгууламж Яармагт ашиглалтад оруулжээ.
Шинээр бохирын шугам тавихаар төлөвлөсөн дээрх байршлуудад газар чөлөөлөхөөр ярьж буй. Газар чөлөөлөлтөд зарим хүн ихээхэн хойрго ханддаг. Тодруулбал, хажуугийн айлууд нь газраа чөлөөлчихөөд байхад зарим хүн их хэмжээний мөнгө нэхэж асуудал үүсгэдэг болсон. Хот хөгжихгүй байна хэмээн шүүмжилдэг ч бодит байдал дээрээ өөрсдөө хотынхоо хөгжилд энэ мэтээр саад учруулж байна. Үүний оронд гэр хорооллынхон газраа шуурхай чөлөөлөн, нэгдэн нийлж, санхүүжилтээ ч шийдэж, цэвэр, бохир усын шугамаа гэр лүүгээ холбуулахад анхаарах хэрэгтэйг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан зөвлөлөө. Анхнаасаа цэгцтэй төлөвлөж, жижиг шугамаа салбар болон төв шугамд холбуулахад хамтарвал санхүүгийн хувьд ч ашигтай аж. Нийслэл өндөрлөг газарт байрладаг. Дээр нь нягтаршил их. Үүнээс хамаарч шугам сүлжээний ашиглалт, хэрэглээг нарийн төлөвлөх шаардлагатай учраас иргэд Ус сувгийн удирдах газрынхантай уулзаж мэдээлэл авахад буруудахгүй гэнэ.
Түүнчлэн иргэд жижиг гэлтгүй дараах зүйлд анхаарах шаардлагатай. Наад зах нь суултуур руугаа хог хаягдал хийхгүй, царцсан тостой зүйл асгахгүй байх зэргээр дор бүртээ анхаарах хэрэгтэй гэнэ. Аяга тавгаа угаахдаа ч аль болох зориулалтын, стандартад нийцсэн бодис хэрэглэвэл Төв цэвэрлэх байгууламжаас байгальд хоргүй ус гарахад ихээхэн нэмэр болох аж. Дахин сануулахад, иргэд газраа маргалгүйгээр чөлөөлж, ахуйн бохирдлоо зөв ялгаж хаях мэтээр жижиг зүйлд ч анхаарчихвал шугам сүлжээ чанартай барьж гүйцэтгэхэд асар том дэмжлэг болно гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Газар доорх шугам барих ажилд нийслэлийн ЗДТГ төдийгүй Барилга, хот байгуулалтын яам, Засгийн газраас анхаарч байна. 2030 он гэхэд нийслэлийн 24 байршлын газрыг дахин төлөвлөж, цэвэр, бохир усны шугамд холбохоор төлөвлөжээ.