БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн арилжааны гэрээг шинэчлэн байгуулах ёслол өчигдөр боллоо. Гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Синохайдро корпорэйшн лимитед” компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын захирал Жианг Гуо нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
Налайх чиглэлийн замыг шинэчлэх ажлыг “Синохайдро корпорэйшн лимитед” компани гүйцэтгэх бөгөөд ирэх сарын 1-нд ажлаа эхлүүлж, энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар гэрээнд тусгажээ. Уг зам олон улсын стандартад нийцсэн, бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байх аж.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ үеэр “Налайхын зам бол нийслэлийн хөгжил дэвшил, иргэд, оршин суугчдын аюулгүй зорчихтой холбоотой чухал дэд бүтцийн нэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг зүүн бүс, зүүн аймгууд, Замын-Үүд, Чойртой холбосон ачаа болон хүн тээвэр, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой бараа эргэлтийг нэмэгдүүлэх асар өндөр ач холбогдолтой зам. Нийслэлчүүд өвөл, зунгүй Горхи, Тэрэлж, Цонжинболдогийн аялал жуулчлалын газрууд руу явдаг. Монгол Улсад жилдээ ирдэг гадаад, дотоодын 600-700 мянган зочин бүгд энэ замаар зорчдог. Аюулгүй байдал асар хүнд нөхцөлд байна. Иймээс Налайхын замыг яаралтай шинэчлэх асуудал анхаарлын төвд байсаар ирсэн. Засгийн газар болон нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, замыг 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах гэрээг замын ажлын гүйцэтгэгч “Синохайдро корпорэйшн лимитед” компанитай үзэглэж байна. Налайхын замыг ашиглалтад оруулснаар хотын ирээдүйн хөгжлийн суурь тавигдана. Замын ажилд орон нутгийн иргэд, ажилчид туслан гүйцэтгэгчээр оролцох боломжтой. Ингэснээр иргэдийг орлоготой, ажилтай болгох юм” гэв.
Бэлтгэсэн: А.Амина