Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч, нярав, дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Иргэдэд тавигдах ерөнхий шаардлага:
- Биеийн өндөр эр 170 см, эм 166 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
- Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
- Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах,
- Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх,
- Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /жолооч/,
- 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, Жолооны В, С ангилалтай байх,
Ажлын байр /албан тушаал/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх бөгөөд бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат:
- Бүртгэлийг Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобааз,
- Орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад тус тус 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.
Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр /Даваа гараг/-ийн 09.00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.
Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
- Өргөдөл
- Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
- Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- 3 үеийн намтар;
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
- Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
- Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:
- Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна.
- Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй.
- Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэд шалгалтад орох эрх олгохгүй.
- Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, Цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, Элэгний В, С вирус, Зүрхний бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харъяа Нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг бэлтгэсэн байх.
Ажлын байр /албан тушаал/-д ерөнхий болон тусгай шаардлага, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Цагдаагийн байгууллагын цахим хуудас www.police.gov.mn /веб сайт-Хүний нөөц-Төрийн албаны салбар зөвлөл-зарлал мэдээлэл/, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягуудад байршуулсан тул Та бүхэн танилцан Хүний нөөцийн хэлтсийн 70191041, 70191043 дугаарын утсаар холбогдож лавлана уу.
Шалгалтад тэнцсэн иргэд 3 сарын дамжаанд Хууль сахиулахын их сургуульд суралцана.
Анхаарах зүйлс:
- Суралцах хугацаандаа Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар баталсан “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийг баримтлах,
- Бусад хууль, дүрэм, журамыг чанд сахих,
- Суралцагч нь дүрэмт хувцсаар хангагдаж, хээрийн болон усанд сэлэх, мотоцикл жолоодох, бие хамгаалах урлаг гэх мэт ур чадварын сургалтад хамрагдах тул төлбөрийн зохих хэсгийг гаргахыг анхаарах,
- Хичээл сургалтын явцад шаардагдах ном, дэвтэр, үзэг, цүнх бусад хэрэглэгдэхүүнийг суралцагч хариуцах,
- Сургалтын явцад суралцагчийг дотуур байраар хангах бололцоогүй тул суралцагч өөрөө түр амьдрах байраа олж аюулгүй байдлаа хариуцна,
- Дамжаа амжилттай төгссөн иргэдийг нөөцөд бүртгэж, онооны дарааллыг харгалзан цагдаагийн байгууллагын ахлагч ажлын байр /албан тушаал/-д томилон ажиллуулна.