Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр, ОУВС-гаас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг эдийн засгийн хямралыг даван туулахад томоохон ахиц дэвшлүүдийг гаргаж чадлаа хэмээн дүгнэжээ. Хөтөлбөрийн үр дүнд 2016 онд 1.2 хувь байсан эдийн засгийн өсөлт 2019 онд 8 орчим хувиар өсөхөөр байна. Мөн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар байна. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ эрс буурсан гэдгийг онцолж байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгааг уулзалтын эхэнд тэмдэглээд талархал илэрхийлэв.