“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид Монгол Улсын хууль тогтоомжийг огт зөрчөөгүй. Өчигдрийн хийсэн тавилттай нэвтрүүлгийн дагуу өнөөдрийн үйл явц болж байгаа гэж бодож байна.
Манай компанийн зүгээс улсаас ямар нэгэн мөнгө аваагүй. Үүнийг албан ёсоор дахиж хэлье. Бид Сангийн яам, Хөгжлийн банк, Төв банкнаас асуулга тавиад, зарим бичиг нь ирсэн. Тухайлбал, дээрх байгууллагаас манай компани асуулга тавьж, 2018 оны нэгдүгээр сард бичиг нь ирсэн. Төрөөс нэг ч төгрөг аваагүйг нотолсон албан бичгүүд байгаа. Үүнийг олон нийтэд дэлгэнэ.
ЗГХЭГ-ын дарга нь цагдаагийн байгууллагад үүрэг өгөөд хэргийг бидэнд тохож байна. Намайг ирж мэдүүлэг өг гэсэн. Үүний дагуу мэдүүлэг өгөхөөр ирлээ. Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэн шиг төрөөс мөнгө авсан эсэхийг л шалгаж байгаа шүү дээ. Компанийн санхүүгийн баримт бичгээ ч төрийн байгууллагуудад гаргаж өгсөн. Энэхүү үйл явц нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шалгагдаж байгаа асуудал шүү дээ. Тэрнээс биш бид материалуудаа нуугаад, байцаагдахаас зугтаасан зүйл байхгүй. Өмнө нь би 4-5 удаа ч ирж, мэдүүлэг өгсөн.
Манай гэрт нэгжлэг хийсэн зүйл одоогийн байдлаар байхгүй байна.
Манай компани Худалдаа хөгжлийн банктай зөвхөн зээлийн харьцаатай. Тэр банкнаас зээл авсан. Өнөөдөр зээл өгсөн байгууллага нь буруутаж байгаа юм байна гэж ойлголоо. Төрийн байгууллага үнэн зөв шударгаар ажилладаг бол энэ асуудлаа 1-2 хоногт дуусгана гэж найдаж байна. 51 хувьтай холбоотой шүүх хурал удахгүй болох гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнийг дарахын тулд өнөөдрийн үйл явцыг зохион байгуулж байгаа юм биш үү гэсэн хардлага надад байна.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр Стандарт банкны өрөнд орчихоод байгаа. Энэ үйл явц одоогийн эрх барьж байгаа намыг өмнө нь эрх барьж байх үед болсон. Үүнийг яагаад хэн ч ярихгүй байгаа юм бэ. Эдгээрийг дарахын тулд өнөөдрийн үйл явцыг хийж байна.
2016 оны тавдугаар сард Стандарт банкны арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Үүний дараа 2016 оны есдүгээр сарын 15-нд цаасаар бидэнд ирсэн. Үүнээс өмнөх професс бидний оролцоогүйгээр явагдсан.
Энэхүү үйлдвэрийн 49 хувийг бид эзэмшдэг. Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэн шиг хэрэв шүүхийн шийдвэрт зориудаар нөлөөлсөн бол хохирол нь бидний халааснаас л гарна шүү дээ. Тэрийг яагаад хэн ч бодолцож үзэхгүй байгаа юм бэ.
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гараад хоёр орчим жилийн хугацаа өнгөрч байгаа. Тэр үед Эрдэнэтийн 49 хвуьтай холбоотой бүх материал олон нийтэд дэлгэгдсэн. Монгол HD телевизээр бүр хуудас хуудсаар нь гарч байсан. Нийтэд ил байгаа материалыг яагаад өчигдөр л нууцын зэрэглэлээс гаргалаа гэж ярьсныг нь мэдэхгүй байна" гэлээ.