Францад “шар хантаазтангуудын” арван зургаа дахь давлагаа энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлж буйгаар бол эсэргүүцлийн хөдөлгөөнд энэ удаа 40,0 мянган орчим хүн оролцсоноос 4,0 мянга нь Парисын гудамжинд гарсан байна.
Францын Үндэсний цагдаагийн ерөнхий мөрдөх товчоо нэг жагсагч шархадсан хэргийг шалгаж эхэлсэн тухай “France-Press” агентлаг мэдээлжээ. Тухайн мэдээлэлд хохирогч цагдаа нарын хэрэглэдэг резинэн сумтай буунаас нүүрэндээ шарх авсан гэжээ. Эл явдал хагас сайны өдөр Ялалтын хаалганы ойролцоо болсон аж. Шархадсан этгээдэд тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн талаар цагдаагийн газар мэдэгдсэн байна.
Хоёрдугаар сарын 1-нд Францын Төрийн зөвлөл жагсагчдын зүгээс гаргасан цагдаа нарын хэрэглэдэг резинэн сумтай бууг ашиглахыг түр хориглохыг хүссэн өргөдлийг буцаажээ. Уг өргөдлийг хүний эрхийг хамгаалах “Бүх нийтийн хөдөлмөрийн хамтрал” үйлдвэрчний байгууллага жагсаалын үеэр тус бууны суманд гэмтэж, шархадсан хүний тоо ихэссэнтэй холбогдуулан гаргасан аж. Сүүлийн гурван сарын хугацаанд францын цагдаа нар уг зэвсгийг 9,0 мянган удаа хэрэглэсэн байна.