Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Уул уурхайд осол гарч, дөрвөн уурхайчин амиа алдлаа
Хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан. Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэнд мэнд гаргасан бөгөөд ослын дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 16.00 цагт ирүүлжээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулжээ.
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Аврагчид уржигдар буюу энэ сарын 02-ны өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19.04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан бол өчигдөр 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргалаа.
Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байгаа юм байна.
АТГ-ынхан талийгаачийг эрүүдэн шүүсэн гэв
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрөгч баасан гарагт мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хоёрдугаар сарын 21-ний орой талийгаачийг цагдан хорьсон. Тав дахь өдрийн өглөө талийгаачийг АТГ-ынхан өөрсдийн байран дээрээ авчраад бүтэн өдрийн турш ганцааранг нь нэг өрөөнд суулгасан байдаг. Энэ бол эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр юм. 68 настай эмэгтэй хүнийг бүтэн өдрийн турш нэг өрөөнд суулгасан байсан бөгөөд тэнд юу болж өнгөрснийг хэн ч мэдэхгүй. Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд, комиссар, ахлахууд нь орж ирж дарамталсан гэсэн. Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллага байцаагдаж байхдаа хэнтэй уулзсан, ямар дарамтанд байсан тухай мэдээллийг авч чадаагүй байгаа.
Хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан тохиолдолд 24 цагаас илүү хугацаагаар саатуулж болохгүй гэж заасныг АТГ, ШШГЕГ зөрчсөн. Монголд АТГ гээд дийлдэшгүй байгууллага байдаг болчихжээ. Хүний амь насыг хохироочихоод уучлалт гуйхын оронд "Энэ хүн чинь авлига өгч байгаад баригдсан" гэх утгатай мэдээллийг цацаж байна. Ар гэрийнхнийх нь хэлж буйгаар талийгаач амиа хорлох хүн биш.
Мөн АТГ-ынхан хяналтын өрөөний камерын бичлэгээ өгөхгүй байгаа нь дарамталсан гэж үзэх үндэслэлтэй юм. Монгол Улсын Үндсэн хуулиар ямар ч хүн өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ хугацаанд өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь холбогдохыг боломжийг олгоогүй зэрэг хууль зөрчсөн олон үйлдэл байгаа тул АТГ, ШШГЕГ хууль бусаар хорьсон, эрүүдэн шүүсэн зэрэг үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэлсэн юм.
АТГ: Сэжигтнийг суллахаар очиход нас барсан байдалтай олдсон
Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас мэдээлэл хийв.
Ахлах комиссар Ч.Жаргалбаатар "Талийгаачтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 12.00 цагт бид прокурорын дуудах хуудсаар байгууллага дээрээ талийгаачийг дуудан ирүүлсэн. Тодорхой цаг хугацаанд гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрөлтэйгөөр талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, гэрт нь нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн явцад уг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хураан авч талийгаачийг эрүүгийн хэрэгт сэжиглэн баривчилсан. Үүний дараагаар түүнийг Цагдан хорих 461-р ангид хүргэсэн юм.
Баривчлах ажиллагаа явагдсаны үндсэн дээр тухайн хэрэгт холбоотой 4-5 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл тогтоогдсоныг Прокурорт танилцуулсан. Прокуророос нотлох баримтууд хангалттай цугларсан байна гэж үзээд хэрэгт яллагчаар татах үндэслэлтэй гэж үзээд нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах үндэслэлтэй гэсэн тогтоолыг АТГ-т ирүүлсэн.
48 цаг баривчлагдах хугацаа дуусч, сэжигтнийг суллахаар очиход нас барсан байдалтай олсон. Тухайн үед ийм л зүйл болсон" гэлээ.
С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар сонгогдлоо
НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан хоёрдугаар сарын 26-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 27-ны өдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан байна.
Мөн шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. НИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилогдлоо.
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх зорилт тусгагдсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийн барилгын ажлыг эхэлж байна.
Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн түншлэл шалгарч Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулжээ.
Энэ төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаанд хэрэгжиж, нэг жилийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургана. Төслийн бүтээн байгуулалтад дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалыг өргөнөөр ашиглах бөгөөд хоёр улсын ажилчдыг тэнцүү тоогоор ажиллуулна.
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн бохир ус цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, III, IV дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглана.
Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, нийслэлийн иргэд тав тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэнэ.
Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам, сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэх юм байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрдэнэт үйлдвэрийн хувьцаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуултын талаар мэдээлэл хийлээ
УИХ-ын нэр бүхий 5 гишүүн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан “Монгол Зэс” ХХК нь өөрийн эзэмшлийн хувиа Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжид худалдан борлуулсан гэх мэдээллийг нягтлан шалгаж, хариуг ирүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулт тавьсан байна. Уг асуултын хариутай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр "Нэр бүхий таван гишүүн Эрдэнэт үйлдвэрийн хувьцаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүдийн асуултын хариуг хоёрдугаар сарын 26-ны албан тоотоор ирүүлсэн. “Монголын зэс” ХХК-ийн зүгээс гишүүдийг үндэслэлгүй мэдээлэл тараасан, гүтгэсэн гэсэн. Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр тус компаниас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна. Ингэж хандахдаа нийт хувьцаагаа Сингапур улсад бүртгэлтэй Эрдэнэт корп PTI лимитэд компанид бүртгүүлэх хүсэлт бүхий 88 хуудас албан бичгийг хүргүүлсэн. Сингапурт бүртгэлтэй компанийн эзэмшигч нь мөн иргэн Ц.Пүрэвтүвшин байгаа юм. Тодруулбал, “Монголын зэс” ХХК нийт хувьцаагаа өөрийн эзэмшлийн өөр нэг компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэж гаргахдаа хоёр аж ахуйн нэгжийн хооронд гэрээ байгуулсан. Тухайлбал, гэрээний 1.1-д нийт хувьцаагаа 112.1 тэрбум төгрөгөөр буюу 41 сая 999 мянга 535 ам.доллараар үнэлж худалдаалахаар заасан байна. 2016 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр “Монголын зэс” ХХК-ийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80.326 сингапур доллар, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд Сингапурын компаниас шилжүүлсэн дансны хуулгыг өргөдөлдөө хавсаргасан байсан. Тэгэхээр өмнө нь мэдээлж байсан нэр бүхий гишүүдийн мэдээлэл бодит болох нь үүгээр нотлогдож байна.
Мөн иргэн Ц.Пүрэвтүвшингийн энэхүү хүсэлт нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд үл нийцэхийг Улсын бүртгэлийн байгууллагаас мэдэгдсэн. Ц.Пүрэвтүвшингийн гол хүсэлт нь нь нийт хувьцаагаа Сингапурын компанид шилжүүлэх юм. Бүртгэлийн байгууллагаас иргэн Ц.Пүрэвтүвшингийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн. Өнөөдрийн байдлаар дахин хүсэлт гаргаагүй байна. Одоогоор Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаа" гэв