УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 24-27-нд Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллав. Энэ нь түүний УИХ-ын даргаар сонгогдсоноос хойших түүний анхны томилолт юм. УИХ-ын дарга 24-25-нд Баянхонгорт ажиллахдаа аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, бизнес эрхлэгчид, сонгогчдын төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцсон. Өөрийнх нь хэлснээр, УИХ-ын даргын амаргүй хариуцлагатай, чухал албыг эрхлэн хашихаар сонгогдсоныхоо дараа монгол хүний ёсоор нутгийн уул усандаа сүслэн залбирч, ямагт түшин тулсаар ирсэн нутгийн түмэнтэйгээ уулзан золгохоор зорьсон УИХ-ын даргын орон нутгийн анхны томилолт элгэмсэг, илэн далангүй, ажил хэрэгч, басхүү алдаа оноогоо ярьсан халуухан уур амьсгалд өрнөсөн.
“ДАРГА ЦАРАЙЛЖ, АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЖ СУУХАА БОЛЬ”
Тэрбээр Баянхонгор аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзах үеэрээ нутгийн ах, намын нөхөр гэж толгойг нь илэх бус, ажлын төлөө зарчимч шаардлага тавихаас аргагүй цаг үе ирснийг сануулаад “Ард түмэн бидэнд өндөр итгэл найдвар хүлээлгэж байгааг бид мэдэрч ажиллах хэрэгтэй. Иргэд эдийн засгийн өсөлтөөс илүү шударга ёс, өөрчлөлт, шинэчлэлийг хүсэж байна. Сүүлийн 30 шахам жилд бий болсон баян, хоосны ялгаа, төрд ажилласан нөлөөтэй хэсэг баяжиж, ард түмэн ядуу хэвээр үлддэг тогтолцоог олон нийт эсэргүүцэж буй. Иймээс бид анхан шатандаа, баг, сумандаа хүртэл төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Монгол Улсын хөгжлийн төлөө, монгол хүний төлөө ажилладаг төрийн албыг бүрдүүлэхийн төлөө ажилла. Энэ оныг Засгийн газар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхэн манлайлж ажиллах ёстой. Төрийн албан хаагчид иргэддээ үйлчилдэг, олон түмнээ гэсэн сэтгэлтэй байж төрийн нэр хүнд сэргэж, сүлдэндээ сүүгээ өргөдөг иргэдийн итгэл, сэтгэл эргэнэ.
Одоо дарга царайлж, ажил хийсэн дүр эсгэж суухаа боль. Танил талаа харж, бүлгэрхдэг, олон түмний эрх ашгийг огоордог, хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг явдал байж таарахгүй. Бие биедээ шаардлага тавьдаг, иргэний хүсэлт, саналд эн тэргүүнд анхаарч, заавал хариу өгдөг, шуурхай үйлчилдэг болъё. Үүнийг бид бүх шатанд шаардаж ажиллана. УИХ-ын гишүүдээс багийн дарга хүртэл сэтгэл, зүтгэл, мэдлэг, чадвартай байж улс орныг хөгжүүлнэ. Сэтгэл, зүтгэл гаргахгүй байгаа хүнд хариуцлага тооц, тэгэж чадахгүй бол та өөрөө ажиллах хэрэггүйг аймгийн Засаг дарга Г.Батжаргалд сануулъя. Нутгийн ах, найз, намын нөхөр гэж толгойг нь илсээр улс орноо, ард түмнийхээ итгэлийг алдах дээрээ туллаа. Иймээс бүх шатанд олон түмний төлөө, Монгол төрийн гэсэн сэтгэхүйг суулгаж, сэтгэлгээний, хариуцлагын эрс өөрчлөлт хийх, үүний төлөө нэгэндээ шаардлага тавьж чаддаг болох ёстой. Биенээ магтаж, хөөргөж ханалаа. Одоо бүх л салбарт эрс өөрчлөлт хийж, аймгийнхаа хөгжлийн төлөө сэтгэлээ гаргаж, хүчээ нэгтгэн зүтгэе” хэмээн уриалав.
Мөн энэ үеэр өмнө нь албан тушаалтнуудын тэр бүр хөндөж байгаагүй, Баянхонгор аймгийн хувьд бодит аюул болоод буй байгаль орчны асуудлыг УИХ-ын дарга онцолж, “Байгаль орчны салбар хамгийн их асуудалтай байна. Уул уурхайнхныг дарамталж, шантаажилдаг тухай дуулддаг. Байгалийн баялгийг олборлоод түүнээ үр дүнтэй ашиглах, нөхөн сэргээх тал дээр хангалтгүй ажилладаг” хэмээн шүүмжлэв. Мөн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн ажлууд ч туйлын хангалтгүй байгааг дурдаад, анхаарал хандуулж, ажлаа сайжруулахыг үүрэг болгосон.
“АЖИЛСАГ ХҮНИЙ ГАР ДААРДАГГҮЙ”
УИХ-ын дарга Г.Занданшатар томилолтынхоо хүрээнд Баянхонгор аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлыг нь сонссон. Түүний зочилсон эхний газар нь “Буянт Богд” ХХК-ийн байгуулж буй хүнсний захын барилга. 6000 гаруй ам метр талбайтай, эрүүл ахуйн лаборатори, зориулалтын хөлдөөгчтэй, мах, сүү, цагаан идээний төвлөрсөн зах болох уг барилга 4.2 тэрбум төгрөгөөр босож буй бөгөөд ирэх сард ашиглалтад орж, 1000 орчим ажлын байр шинээр бий болгоно гэж компанийн захирал Б.Энхтүвшин ярьсан.
Дараа нь УИХ-ын дарга “Торлон” хүнсний үйлдвэрт зочлов. 2001 онд дөрвүүлээ үйл ажиллагаагаа эхэлж байсан тус үйлдвэр одоо 40 ажилчинтай, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа талх, нарийн боовны хэрэглээний 40 хувийг дангаар хангадаг болсныг үйлдвэрийн дарга И.Батдэлгэр танилцууллаа. “Мэргэжлийн ажилчин дутагдалтай, залуус ажилдаа тогтдоггүй, ажил хийх дургүй болсон нь бидэнд тохиолдож буй хамгийн гол бэрхшээл. Үүнд нөлөөлж, өөгшүүлж буй хавтгайрсан халамжийг багасгамаар байна” гэсэн саналыг И.Батдэлгэр УИХ-ын даргад тавив.
УИХ-ын дарга Г.Занданшатар тойргийнхоо зургаан сум, аймгийн төвд арьс, нэхий боловсруулах жижиг үйлдвэр байгуулах ажлыг санаачлан, тоног төхөөрөмжийг нь өгчээ. Тэдгээрийн нэг “Хөвших” үйлдвэрээр ороход ажил буцалж байв. Тэд зөвхөн хонины нэхий, хурганы арьс биш, ишиг, тугал, унага, чоно, үнэгний арьсыг ямар ч химийн бодис хэрэглэхгүйгээр, уламжлалт монгол аргаар шүүлэн идээлж, боловсруулдаг аж. Их ажлын үед дөрвүүлээ ажилладаг бөгөөд зун цуглуулсан түүхий эд нь Цагаан сарын өмнө дууссан, харьцангуй ачаалал багатай байгаа тул одоохондоо хоёулаа ажиллаж буй гэнэ. Цаашид элдүүрийн цехийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж, огт ашиглагдахгүй байгаа өвлийн нэхийний үсийг тачирлан, элдэх, элдсэн нэхийгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын цех нээх эрмэлзэлтэй байгаа талаараа үйлдвэрийн дарга Ц.Жавхланбаяр танилцуулав. Нэхий боодол бохины үнэгүй байна хэмээн нийтээрээ халаглаж суухад энэ залуус өдөрт 100 нэхий, 50 хурганы арьс элдэж, нэг бүрийг 25-40 мянган төгрөгөөр борлуулж, байна. Тэдний элдсэн хурганы арьс, хонины нэхийг нутгийнхан өдөрт нь худалдаад авчихдаг гэсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар байгуулсан өөр нэг газар бол үйлдвэрлэл, үйлчилгээний “Ажилсаг” төв юм. Бичил бизнес эрхлэгчдийг ажлын хямд байраар хангах, гарааны бизнесийг дэмжих, бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд зөвлөгөө өгөх, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг “инкубатор” болгох зорилгоор уг төвийг байгуулсан нь эхний үр дүндээ хүрч, өнөөдөр энд 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрлэл эрхэлж, бизнесийн сургалт явж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзахдаа хэлнэ билээ.
Энэ төвд ажиллах үеэрээ тэрбээр ЖДҮХС-гаас аймаг бүрт нэг тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн, түүний 500 саяыг “Ажилсаг” төвийнхөнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авахад нь зориулж олгоно гэдгийг дуулгаад, ижил төрлийн бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэхээс аль болох татгалзаж, нэгнийхээ боловсруулсан түүхий эдийг нөгөөх нь худалдан авч бүтээгдэхүүн хийх, хөдөлмөрөө хорших замаар ажиллахыг эрмэлзэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологио сайжруулахад гол анхаарлаа хандуулахыг захилаа. Түүнчлэн орон нутгийн удирдлага бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийг зээл болон бусад хэлбэрээр дэмжих бодлогыг тууштай баримталж, сургалтад хамруулах, мэдлэг мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн “Иргэдийн хийж бүтээх эрмэлзэл эрс идэвхжсэн нь анзаарагдаж байна. Иргэдийнхээ шударга ёсны хүсэмжлэлд хариу өгөх, хийж бүтээх эрмэлзлийг дэмжих нь бидний нэр төрийн хэрэг. Ажилсаг хүний гар даардаггүй гэдэг. Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой. Үүний төлөө УИХ ажиллах болно” гэв.
“УЛС ТӨРД ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН ЭХЭЛСЭН. ЭНЭ ХӨДӨЛГӨӨН УЛАМ ХУРДАСНА УУ ГЭХЭЭС ЗОГСОХГҮЙ”
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хууль тогтоох байгууллагын хийж хэрэгжүүлсэн болон хийхээр зорьж буй ажлын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонссон. Тэрбээр “2018 онд бид өнөө маргаашгүй дампуурахдаа тулаад байсан эдийн засгаа сэргээж чадсан. Энэ онд өмнөх ололтоо бататгаж, өөрчлөлтөө гүнзгийрүүлэн, тогтвортой өсөлтийн сууриа бэхжүүлэх замаар эдийн засгаа хөл дээр нь бат зогсоож, үр шимийг нь хүн бүрт хүртээхийн төлөө ажиллаж байна. Энэ мэтээр сайн сайхан зүйл яриад байж болох ч бүхнийг болж бүтэж буй мэтээр сайхан үг хөврүүлэмгүй байна. Болж буй нь бий ч, болохгүй нь түүнээс илүүг бид мэдэж байгаа. Нийгэмд шударга ёс алдагдсанд, төрийн албанд хариуцлага, сахилга бат, ёс зүй дутагдаж байгаад иргэд зовниж буй. Нийгмийн баялаг нийт иргэдэд биш, цөөн хэсэг бүлгийн баяжих, хөрөнгөжих, түүгээрээ нийт нийгмийг дарангуйлах хэрэгсэл болж буйд эгдүүцэж байна. Хуулийн засаглал биш, өнгө мөнгөний засаглал тогтсонд дургүйцэж байгаа” гээд өнгөрсөн 28 жилд тогтсон энэ гажуудлын эсрэг УИХ-ын хийхээр зорьж, үйл ажиллагааны бодлого болгон дэвшүүлж буй таван асуудлыг онцлон танилцуулав.
Г.Занданшатар “Нэгдүгээрт, хууль дээдэлдэг, хариуцлага сахилга, шударга ёс, ёс зүйг эрхэмлэдэг тогтолцоог бүрдүүлэх ажлыг дээрээсээ, тухайлбал УИХ-аас эхлүүлнэ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Төрийн түшээд суудлаа олоогүй цагт Монголын төр эмхэрч цэгцрэхгүй. Улс төрд цэгцрэх хөдөлгөөн нэгэнт эхэлсэн. Энэ хөдөлгөөн улам хурдасна уу гэхээс зогсож, саарахгүй. Үүнийг тууштай үргэлжлүүлж, улс төр, нийгмийн амьдралыг эрүүлжүүлэх ёстой. Ингэхийн тулд дээр, дооргүй хүчээ нэгтгэе. Хууль цааз эрх мэдэлтнүүдэд хатуу чанга, энгийн ардад энэрэнгүй байдаг төрт ёсны уламжлалыг сэргээх шаардлагатай. Иймээс парламентад дэлхийн жишигт нийцүүлсэн, УИХ-ын дэгийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлсэн. УИХ-ын танхим хоосон цэцэрхдэг, худлаа амладаг, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хамгаалалт дор тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлгүй, ард түмний сэтгэлд нийцэхгүй зүйл ярьдаг, хэрэлдэж, уралцдаг газар байх ёсгүй.
УИХ дахь намын бүлэг, байнгын хороо, нэгдсэн чуулган дээр нэг зүйлийг дахин давтан дурдаж, дэмий ярьж, цаг гарздаж суудаг зуршлыг халах ёстой. Гишүүдийг дагаж мөрдөх ёс зүйн дүрэмтэй, сахилга хариуцлагатай болгож хуульчилна. Хуралдаандаа суудаггүй, суусан ч хэлэлцэж буй асуудалтай холбоогүй, хадуурч ярьдаг явдлыг зогсооно. Энэ хаврын чуулганаас УИХ-ын гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болно. Улс төр, нийгмийн харилцаанд зохицуулалт хийх олон асуудал хүлээгдэж буй тул ээлжит бус чуулган зарлана. Төр, иргэнийг шууд холбох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх цахим шилжилтийг эхлүүлээд байна. Иргэд parliament.mn, forum.mn цахим хуудсаар дамжуулан УИХ-аар хэлэлцэж буй бүх асуудлаар мэдээлэл авч, санал бодлоо хэлэх боломжийг нээж, хууль батлахдаа ард түмнээ сонсдог шинэ ардчиллыг нэвтрүүлж байна.
Хоёрдугаарт, парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргана. Нийгэмд дуулиан үүсгэсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг нэг мөр шийдэх, шударга бус байдлыг халах зорилгоор УИХ-аас хянан шалгах ажлын хэсэг, түр хороодыг байгуулж ажиллуулна. Иргэддээ үйлчилж чадахгүй, тэгш шударга хандахгүй байгаагийн уршгаар төрд итгэх ард түмний итгэл буурсан. Тиймээс төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь УИХ-ын үйл ажиллагааны нэг үндсэн зорилт байх болно.
Гуравдугаарт, УИХ тооноос чанарт шилжих хувьсал хийх болно. Олон хууль батлах биш, чухлыг шийдвэрлэх, батлан гаргасан хуулийн чанарыг сайжруулж, бодитойгоор хэрэгждэг болгохын төлөө ажиллана.
Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ парламент батлах ёстой. Үүнийг одоо хийхгүй бол хожим харамсахад хүрнэ. Бидэнд харзнаж хүлээх, хаширлаж хойш суух эрх байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж чадахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд саад, эрсдэл учирч болзошгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид шударга ёс, сахилга батыг бэхжүүлж, төрийн институцүүдийн нэгэндээ тавих хяналтыг сайжруулан, хэн нэгэн дураар авирлах боломжийг хязгаарлах, хамгийн гол нь нийгмийн баялгийг цөөн хүн шударга бусаар хүртэх давамгай байдал бүрдүүлсэн тогтолцоог өөрчлөхийг зорьж байгаа. Тогтолцоо зөв бол тэнд муу хүн ажилласан ч сайн болж төлөвшинө. Тогтолцоо буруу бол сайн хүнийг ч адгийн шаар болгодог. Тиймээс хэн нэгэн буруу зүйл хийвэл тохирсон хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог бий болгохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль нэг нам, бүлгийн эрх ашгаас ангид, улс орны ирээдүй, хөгжлийн төлөө хийх шаардлагатай.
Тавдугаарт, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах нь УИХ-ын үндсэн зорилтын нэг байх болно. Нийслэлд шавах биш, орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийг төвлөрлийг сааруулах бодлого гэж ойлгож болно. Хөдөөнөөс хотыг зорьдог бус, хотоос хөдөө рүү ирж амьдрахыг эрмэлздэг болгох шаардлагатай. Тиймээс ЖДҮХС-гийн санхүүжилтыг орон нутагт шийддэг болгосон. Төсвийн болон хүний нөөц, томилгооны эрх мэдлийг орон нутагтаа шийддэг болно.
Энэ бол бидний өмнөө тавьж буй таван үндсэн зорилт. Эдгээрийг хийснээр парламентын төдийгүй Монгол төрийн сахилга, хариуцлагын томоохон шинэчлэл, Монгол Улс сэргэн мандаж хөгжихөд түлхүүр хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байгаа. Зорилгоо хэрэгжүүлэхэд нийт ард түмний дэмжлэг ихээхэн чухал” хэмээн хэлсэн үгэндээ онцолж байв.
Бэлтгэсэн: А.Амина