Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ хэмээн 10 жил ярьсан. Өнгөрсөн жил энэхүү бүтээн байгуулалтын эхний гэрээг хийж, өчигдөр ажлын бодит эхлэл буюу шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын албаны хүмүүс оролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр
“Олон улсын стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжтай болно. Үүнтэй зэрэгцээд саарал усны үйлдвэрийг Мянганы сорилтын сангийн дэмжлэгээр байгуулах юм. Уг хоёр байгууламжийг уялдуулан ажиллуулах нь нийслэлчүүдэд ашигтай. Нийслэлчүүд анх удаа ахуйн хэрэгцээний саарал усыг ашигладаг болно. Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд ч ихээхэн нэмэртэй” гэдгийг онцлов.
Улмаар барилгын ажлыг эхнээс нь дуустал хариуцаж, ажил гүйцэтгэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгав. БНХАУ-ын 267 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдах Төв цэвэрлэх байгууламж гурван жилийн дараа ашиглалтад орно. Зээл 20 жилийн хугацаатай. Эхний долоон жил хүүгүй, түүнээс хойших хугацаанд жилийн хоёр хувийн хүү төлнө. Барилгын ажлыг БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпорац” болон “Бээжин констракшн инженеринг групп” гүйцэтгэнэ. Эдгээр компани өмнө нь Хятадын Төв цэвэрлэх байгууламжийг барьсан туршлагатай. Монголын бүтээн байгуулалтад ч оролцож байжээ. Харин цахилгаан, дулаан, гадна, дотор бохир, цэвэр ус шугаманд холбох зэрэг ажлыг Монголын тал хариуцна. Ажиллах хүчний хувьд тал хувь нь монголчууд, үлдсэн нь БНХАУ-ын иргэд байх гэнэ.
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг 40 га талбайд барих аж. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм. Механик, биологийн, гүн цэвэрлэгээ гэсэн гурван үе шаттайгаар бохир усыг халдваргүйжүүлнэ. Түүнчлэн лаг боловсруулах байгууламжтай байх юм байна. Хаягдал лагийг усгүйжүүлж, шатаах замаар боловсруулна. Үүнээс гадна цэвэрлэгээний үед лагаас ялгарах үнэрийг агааржуулалтын аргаар цуглуулан ариутгах ухаалаг систем суурилуулах аж. Мөн тус цэвэрлэх байгууламж нь эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэглээний 53 хувийг хангах юм. 1964 онд Төв цэвэрлэх байгууламжийг барихдаа хүн амын тоо 500 мянга байхаар төлөвлөж, 160 000 шоо метр ус хүлээж авах хүчин чадалтай барьсан. Гэвч 1990 оноос хойш нийгэм өөрчлөгдөж, Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн тоо эрс өссөн. Улмаар нийслэлийн хүн амын тоо 1.5 саяд хүрсэн нь хоногт ачааллаасаа хэтэрч 200 000 шоо метр ус хүлээж авч буй билээ. Харин шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар хоногт 260 000 шоо метр ус хүлээн авч цэвэрлэнэ.
Төв цэвэрлэх байгууламжийн барилгыг хүлээлгэн өгсний дараах нэг жил туршилт, тохируулга хийж, дараагийн зургаан сард манай инженерүүдийг дадлагажуулах юм байна.