-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас илэрсэн 140 тэрбум төгрөгийн зөрчлийн 47 тэрбум нь тендертэй холбоотой-
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, тусгай сангуудын талаар хэлэлцэв. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар мэдээлэл хийлээ. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нэгтгэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ дээрх гурван санд хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгав. Татан буулгасан сангуудын тухайд сайд Ч.Улаан
“Эдгээр сангаас зээл олгодоггүй ч төсвийн санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан тохиолдол их байгаа. Тусгай сангаас зээл олгохтой холбоотой журамд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх заалт оруулна” гэв.
Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих болон Мал хамгаалах сангаас олгож байгаа урамшууллыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг сайд Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нарт үүрэгдлээ. Сайд Ч.Хүрэлбаатар “Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийт 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүний 47 тэрбум нь тендертэй холбоотой. Тухайлбал, улаан буудай хадгалах зориулалт бүхий элеватор худалдаж авах тендерт 5.2 тэрбум төгрөгийн өртэй “Дарханы гурил, тэжээл” компанийг шалгаруулснаас найман тэрбум төгрөгөөр худалдаж авсан элеватор нь чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй байна. Үүнээс гадна улаанбуудайн урамшуулал олгох журмыг 2012 онд хүчингүй болгосон ч олгосоор ирсэн. Тендерт ихэвчлэн төрд өртэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан байна. Мал хамгаалах сангаас олгосон зээлийн эргэн төлөлт 50 хувьтай” гэж байлаа.
Түүнчлэн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тэрбээр “Боловсролын зээлийн санд маш олон диплом барьцаа маягаар бий. Гэвч диплом нь барьцаа хөрөнгийн шаардлага хангадаггүй. Тиймээс шинээр зохицуулалт хийх санал боловсруулах үүргийг холбогдох сайдад нь өгсөн. 1997 оноос хойш гадаадад сурсан нийт 1893 оюутанд тэтгэлэг олгосон юм билээ. Үүнд нийт 52.3 сая ам.доллар зарцуулснаас улсаас төлсөн нь 37.7 сая ам.доллар” хэмээн тодотгосон. Дээр дурдаагүй 15 санг хэвээр нь үлдээх ч холбогдох албан тушаалтнуудад нь тодорхой үүрэг өгчээ. Тухайлбал, шийдвэр гаргахдаа мэргэжлийн холбоодыг оролцуулах, үйл ажиллагаагаа ил тод болгохыг тэдгээр сангийн удирдлагад чиглэл болгосон аж. Мөн аливаа сангаар дамжуулан төсвийн хөрөнгөөс зээл, тусламж авсан, батлан даалт гаргуулсан хувь хүний овог, нэр, хуулийн этгээдийн нэр, регистр, улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэлийг Шилэн дансны тухай хуулийн дагуу цахим хуудсандаа мэдээлж байхыг даалгав. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох хэмжээ, хөтөлбөрийг Засгийн газраас тогтоох, Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн өр, авлага үүсгэхгүй байх, Улсын авто замын сангийн хөрөнгийн зарцуулалт, хяналтыг сайжруулах, орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд нийцүүлэхийг сайд нарт үүрэг болголоо.
Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгож байгаа одоогийн дүрэм, журмыг нь эргэж харах гэнэ. Мөн тус сангийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Сангийн яаманд ажиллаж байсан Б.Батцэцэгийг томилоод буй аж. Тэрбээр Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байжээ. ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнууд зээлээ төлсөн үү гэх асуултад сайд Ч.Улаан “Зарим мэдээллийг би шууд зарлах боломжгүй. Ер нь эргэн төлж байгаа” гэв. Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгодог сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг ЖДҮХС-гаар дамжуулж, нэгдсэн удирдлагад оруулж, дүнг танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарт үүрэг болголоо. Мөн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулах, төсвийг хохиролгүй болгох, холбогдох албан хаагчид хариуцлага хүлээлгэх нь. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол дахин олгохгүй байх, зориулалтын дагуу ашиглаж байгаа, эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотой хяналт тавьж байх зэргийг чиглэл болгожээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих болон Мал хамгаалах санд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал,
- Салбарын сайдын 2017 оны А/149, А/161 тоот тушаалаар Малын тэжээл дотооддоо үйлдвэрлэх болон ОХУ-аас импортоор оруулж, борлуулах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, улсын төсвөөс хүүгүй зээл олгосон, зээлийг эргүүлэн төлөх хугацаа 2018 оны наймдугаар сарын 1-нээр дууссан ч ихэнх аж ахуйн нэгж зээлээ төлөөгүй тул алданги тооцон, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийт 34 аж ахуйн нэгжид 40 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсвөөс олгосон ч 18.2 тэрбумыг нь нь 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны байдлаар төлснийг төсөвт төвлөрүүлсэн. Үлдсэн 21.7 тэрбум төгрөгийг 22 компани төлнө. Харин “Биохэлф Монголиа” ХХК 900 сая, “Туртелком” ХХК нэг, “Галин интернейшнль” ХХК 1.1 тэрбум төгрөгийн зээл авсан ч огт төлөөгүй.
- “Гацуурт” ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөхгүй, хугацаа хоцроож, гэрээний үүргээ зөрчиж, улсад хохирол учруулж байна. Нийт хоёр тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэх нөхцөлтэй зээл авсан ч 2017, 2018 онд малаар эргүүлэн төлөх гэрээний үүрэг хэрэгжээгүй, гэрээний заалтыг зөрчжээ.
- “Праймланс” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2005 онд олгосон зээлийн 47.2 хувийг эргүүлэн төлүүлж авалгүй 13 жил болсон. Мал хамгаалах санд шилжүүлсэн 166 сая төгрөгөөс шүүхийн шийдвэрээр 77.7 саяыг төлүүлж, 88.2 саяын авлагатай байна.
- 2010 онд Сангийн яамнаас үр тариа хураах комбайн худалдан авах тендерийн үнэлгээний дүгнэлтийг хянаад захиалагчийн гэрээ байгуулах шийдвэр хууль, журамд нийцэхгүй байгааг дурдаж, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн ч зөрчлөө арилгалгүй “Хүчин чадлын хувьд тохиромж муутай, ашиглалтын зардал өндөр” гэсэн тендерийн баримт бичигт тусгаагүй шалтгаанаар хамгийн бага харьцуулах үнэ санал болгосноос нь татгалзаж, үүнээс 397 сая төгрөгөөр илүү үнэ санал болгосон “Гацуурт” ХХК-тай гэрээ байгуулсан.
- 2009 онд зохион байгуулсан, нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх тендерт шалгарсан “Мөнх ногоон тал” ХХК-ийн ирүүлсэн санал нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажлын туршлагыг нотлох баримт ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан.
- Жимс, жимсгэний суулгац авах тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд “Глобал бридж” ХХК-ийн техникийн тодорхойлолтод санал болгосон суулгацын нас шаардлага хангахгүй гэж дүгнэсэн хэрнээ гэрээ байгуулсан.
- Үр тариа хадгалах элеватор худалдан авах тендерт “Гурил тэжээл Булган” ХК-ийн эзэмшлийн элеваторыг нийлүүлэхээр “Бэрэн групп” ХХК оролцохдоо тендерийн баримт бичгээ “Гурил тэжээл Булган” ХК-ийн материалаар бүрдүүлсэн байхад шалгаруулсан.
- • Хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин худалдан авах тендерт шалгарсан “Агромаш” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан туршлагын талаарх мэдээлэл ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан.
- • Нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх тендерт захиалагчийн баримт бичгийн ижил төстэй ажлын шаардлага хангахгүй “Нью телеком” ХХК-ийг шалгаруулсан.
- 2011 онд зохион байгуулсан, төмс, хүнсний ногооны өрхийн аж ахуйн багаж хэрэгсэл худалдан авах тендерт захиалагчийн баримт бичигт заасан борлуулалтын орлогын хэмжээнд хүрэхгүй “Ирээдүй энержи” ХХК-ийг шалгаруулсан.
- Хөдөө аж ахуйн техникийн чиргүүл, дүүжин машин худалдан авах тендерт шалгарсан “Онлайн датен систем” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичгийн олон улсын ISO стандартын гэрчилгээ, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх шаардлага хангахгүй байхад гэрээ байгуулсан.
- Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009-2017 онд зохион байгуулсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний талаар олон нийтэд зарлан мэдээлээгүй.
- ХХААХҮ-ийн сайдын тушаалаар тогтоосон үнээс хамааран 2005-2013 онд үрийн буудай худалдан авах, борлуулах үйл ажиллагаанаас цэвэр дүнгээр ашигтай ажилласан бол 2014-2018 оны хооронд тогтмол алдагдал хүлээсэн. Тухайлбал, 2018 онд санд худалдан авах үрийн буудайн үнийг чанараас нь хамааран тонн тутамд 780-830 мянган төгрөг байхаар тогтоосон бол сангаас худалдан борлуулах үнийг тонн тутамд 570-620 мянган төгрөг байхаар тогтоосон нь борлуулалтаас 2018 онд тонн тутамд 210 мянган төгрөг буюу нийт 252.0 орчим сая төгрөгийн цэвэр алдагдал хүлээх нөхцөл бүрдүүлсэн.
- 2011 оны намрын ургацаас “Гацуурт” ХХК-ийн нийт 16 аж ахуйн нэгжээс 45 407 тонн буудай хүлээж авсныг сангийн тайланд дурдсан. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд дээрх аж ахуйн нэгжүүдийн агуулахад нийлүүлсэн 48 300 тонн буудайнаас цэвэрлэх шаардлагатай 7200 тонныг хасаж, 41 100 тонныг хүлээж авснаар тооцсон байхад Сэлэнгэ салбарын 2011 оны санхүүгийн тайланд 16 аж ахуйн нэгжээс 45 407 тонн буудай хүлээж авснаар тусгасан нь орлого болгосон будааны нийт хэмжээнээс 4307 тонноор зөрүүтэй.
- “Гацуурт” ХХК нь сангийн зөвшөөрөлгүйгээр “Хангай миллс” ХХК-д 17.9 мянган тонн буудайг тонн тутмыг нь 280.0 мянган төгрөгөөр тооцож заржээ. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын баталсан 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний 12/36 тоот гэрээний дагуу “Гацуурт” ХХК-ийн агуулахад хадгалж байсан, сангийн өмчлөлийн 39 040 тонн буудайнаас дур мэдэн “Хангай миллс” ХХК-д 17 970 тонныг борлуулсан байна. “Гацуурт” ХХК нь сангийн өмчлөлийн буудайг дур мэдэн зарсан тул 17 970 тонн буудайн (тонн нь 70 мянган төгрөгийн үнэтэй) үнийн зөрүү 1.3 тэрбум төгрөгийг сангаас олгох боломжгүй бөгөөд сангийн балансаас 17 970 тонн буудайг хасаж, “Гацуурт” ХХК-ийн нэр дээр 2013 онд 4.2 тэрбум төгрөгийн авлага үүсгэж, тус компанийн өөрийн агуулахад хадгалагдаж байсан 17 970 тонн буудайг сангийн орлогоос хасаж тооцохоор болсон ч эцэслэн шийдвэрлэгдээгүй. “Гацуурт” ХХК нь сангийн өмчлөлийн буудайнаас зарсан гэх 17 970 тонн буудай нь 2011 оны ургацаас 350 мянган төгрөгөөр худалдаж авсан буудай юм. Дээрх буудайны үнийг худалдаж авсан үнээр тооцож 6.2 тэрбум төгрөгөөр тухайн компанийн нэр дээр авлага үүсгэж тооцохоор байхад сангийн тайланд 4.4 тэрбум төгрөгийн авлагатай байгаагаар хасалт хийж тооцсоноос 1.8 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн. Үүний 1.2 тэрбум төгрөг нь буудайны үнийн зөрүүгийн алдагдал байгаа ч “Гацуурт” ХХК-иар төлүүлээгүй.