Энэ сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан шүүгч эмэгтэйгийн амь насаа алдсан хэрэг нийгмийг шуугиулж байгаа билээ. Тус хэрэгтэй холбогдуулан хуульчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хуульч Д.Оросоо "Энэ бол төрийн тусгай харуул хамгаалалттай газар, төрийн байгууллагад Монгол Улсын иргэд амь насаа алдсан анхны тохиолдол биш.
Та бүхэн санаж байгаа бол ЗТХЯ-нд төрийн албан хаагч Г онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан ноцтой хэрэг гарч байсан. Мөн ХЗДХЯ-ны харъяа ХХЕГ-ын Увс аймаг дахь хилийн 0311-р ангийн байлдагч Э оргож амиа хорлосон. Түүнчлэн Зүүнбаян дахь ЗХ-ний 336-р ангийн 19 настай байлдагч А амь насаа алдсан. Мөн Нийслэлийн томоохон дүүргийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан ажлын байрандаа халдлагад өртсөн.
Монгол Улс Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулна гэж заасан. Харамсалтай нь өнөөдөр онц хэрцгий гэмт хэрэг тасрахгүй зэрлэгшсэн нийгэм болж байна. Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх ноцтой зөрчигдөх боллоо.
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг ХЗДХЯ хүлээж байгаа ч үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Ийм ноцтой хэрэг гарсан байхад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таг дуугүй байгаад олон мянган төрийн албах хаагч, талийгаачдын ар гэр, төрөл садан, нийгмийн бухимдлыг төрүүлж байна.
Төрийн алба төрийн тусгай хамгаалалт бүхий байгууллагад саатуулагдсан иргэдийн амь нас хохирч, цэргийн алба хаагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, амиа хорлолт газар авч байгаад Монгол Улсын ҮАБЗ нэн яаралтай анхаарал хандуулахыг уриалж байна. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үндэс бол Монгол хүний амьд явах эрхийн баталгаа юм.
Хүнийг баривчлах, цагдан хорих нь хүний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, гэр бүлд маш хүчтэй сөрөг нөлөө, үр дагаварыг үзүүлдэг. Монголын хууль хяналтын байгууллагад баасан гарагт хойшлуулашгүй ажиллагаа нэрийн дор хүнийг саатуулдаг, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчилдаг, баривчилсаныхаа дараа шүүгчийн зөвшөөрөл нөхөж авч баталгаажуулдаг, цагдан хорьж шалгадаг хүчтэй практик, үндсэн арга барил нь байсаар байна. Гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит үнэнийг тогтоох, мөрдөн шалгахад зарим тохиолдолд баривчлах, цагдан хорих шаардлага үүсдэг. Гэхдээ цаашид хууль хяналтын байгууллагад хандаж уриалахад хүнийг баривчлах, саатуулах, цагдан хорьж шалгах таслан сэргийлэх арга хэмжээнээс аль болох татгалзах, ялангуяа зайлшгүй л биш бол баасан гарагт саатуулж баривчлах ажиллагааг битгий хийж байгаач, шинэ хуулиар тогтоосон цагдан хорихоос дутуугүй таслан сэргийлэх арга хэмжээ болох хязгаарлалт тогтоох арга хэмжээг практикт түлхүү хэрэглэхийг уриалж байна.
Баривчлах , саатуулах, цагдан хорих арга хэмжээг хүний амьд явах эрх, халдашгүй байх эрхийн үүднээс илүү боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна. Энэ асуудалд Хүний Эрхийн Үндэсний комисс анхаарал хандуулах шаардлагатай.
Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар баталгаажсан амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа олон асуудалд иргэдийнхээ амьд явах эрхийг хамгаалж чадаагүй ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлалт гуйж, сайн дураараа огцрохыг шаардаж байна" гэлээ.