Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Хуралдааныг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу нар хамтран даргалав.
Энэ удаагийн хуралдаанаар талууд Монгол, Хятадын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойг тэмдэглэх, талуудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар санал солилцож, талуудын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийг хангахад энэхүү механизм чухал үүрэг гүйцэтгэж буйг санал нэгтэй тэмдэглэв.
Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, хоёр орны төр, засгийн тэргүүн нарын харилцан тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр талын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн үйл ажиллагааг бүрэн ашиглах нь зүйтэйг онцлон тэмдэглэв.
Хуралдааны үеэр талууд харилцан тохиролсон асуудлаар Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хоёрдугаар хуралдааны протоколыг үйлдэж, Гуравдугаар хуралдааныг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцжээ.