Өнгөрсөн Пүрэв гарагт Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун МҮОНРТ-ын оройны нэвтрүүлэгт оролцож ШХАБ-д элсэх асуудлаар ярьсан билээ. Тэрбээр тус нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн үзэл санааг илэрхийлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан ШХАБ-д элсэх асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлэв.
Тэрбээр "Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун Монголын төрд олон жил өндөр албан тушаал эрхэлж байсан хүн. Тэрбээр ингэж ярьж байгаад би огт итгэхгүй байна. Монгол Улс үнэхээр төвийг сахих бодлогоосоо татгалзаж байгаа хэрэг үү? Төвийг сахих тухай ҮАБЗ-ийн зөвлөмжөө хүчингүй болгосон юм уу?
Монгол Улс маш тодорхой гадаад бодлоготой. Олон тулгуурт, бие даасан, нээлттэй гадаад бодлоготой. Үүнийгээ "Эвсэлд үл нэгдэх" гэж гадаад бодлогоо тунхагласан орон шүү дээ. Энэ бүхэн өнөөдөр алга болж байгаа юм уу? Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгөх ёстой.
Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэхгүй. Энэ асуудалд Монгол Улс төвийг сахих байр суурь баримтална. Монгол Улс ШХАБ-д идэвхтэй ажиглагч байна гэсэн бодлого баримталж ирсэн. ШХАБ-д элсэх эсэх тухай яриа өмнө ч гарч л байсан. 2015 оны 9 сарын 8-нд ҮАБЗ энэ асуудлаар хуралдаж, Монгол Улс төвийг сахина гэсэн зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасан. Энэ бодлогоо тодорхойлсны дараа бид хамгийн түрүүнд хоёр хөрш орондоо албан ёсоор мэдэгдсэн. Хоёр хөрш орон "Танай улсын бодлогод бид хүндэтгэлтэй хандана" гэж байр сууриа илэрхийлсэн.
Дээр нь бид энэ тухайгаа НҮБ-д мэдэгдсэн. ШХАБ-д элсэхгүй, төвийг сахих байр суурь баримтална гэсэн бодлого яаж гарсан бэ?
1993, 1994 онд БНХАУ, ОХУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан. Хоёр хөрштэйгээ харилцах харилцааны үндэс суурь болсон тус гэрээнд "Монгол Улс эвсэлд үл нэгдэх бодлогыг хэрэгжүүлнэ" гэж тодорхой заасан байдаг. Тэр бодлого, гэрээний үргэлжлэл болж ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан.
2015 онд явж ирсэн уламжлалт бодлогодоо “Төвийг сахих бодлоготой орон” гэж нэр өгсөн. Бид нар гэртэй. Гэртээ өөрийн дүрэм хуулиар явна. Гэрээс гарвал олон улсын дүрмээр, НҮБ-ын дүрмээр явна.
Монгол Улс хоёр хөршийнхөө дунд бүтэн оршдог, энэ л хангалттай. Монгол ШХАБ-т элсэх хэрэггүй. Энэ бодлогодоо нийцсэн төрийн бодлого явуулах ёстой. Бидний энэ бодлогод манай хоёр хөрш хүндэтгэлтэй ханддаг.
1911 оноос монголчууд төвийг сахих, нээлттэй бодлого баримтлах, олон улстай харилцаагаа сайжруулах бодлогыг хэрэгжүүлж, энэ тухай ярьж ирсэн.
Төвийг сахих бодлогын маш чухал нэг тал байдаг. Төвийг сахих бодлоготой орон тэр бодлогоо өөрөө л тайлбарладаг. Тодорхой асуудал үүслээ, хүндрэл бэрхшээл гарлаа гэхэд бид ийм байр суурьтай байна гэж хэлдэг. Бодлоготой улс бодлогоо өөрөө л тайлбарладаг.
Монголчууд эрх чөлөөгөө эд хөрөнгөнөөс илүү эрхэмлэдэг ард түмэн. Тиймээс хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Энэ бол монгол хүн бүрийн зүрхний бичлэг" гэв.