Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т дуудагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудсан тухай тэрбээр өөрийн твиттер хуудсандаа бичсэн нь олныг шуугиулсан. Түүнийг Тавантолгойн асуудлаар дуудаж мэдүүлэг авсан байна. Тэрбээр “Хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудвал бид бүгд ирж, асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч. Хаана ч явж байсан хууль дуудвал би хамгийн хурднаараа ирэх болно. Хуулийн байгууллагаас зугтах ямар ч шаардлага байхгүй.
Мөн Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх чөлөө, бие даасан байдалд аюул учирна.
Цаазын ялын асуудлаар хэлэхэд “Цаазын ялын эсрэг олон улсын комисс” байдаг. Би тэрэнд комиссионер үүрэгтэй. Би тийшээ удахгүй явж оролцоно. Санаа зовох хэрэггүй.
Түүнчлэн утааны асуудал миний санааг ихээр зовоож байна. Энэ чиглэлээр иргэнийхээ хувьд хийхээр бодож буй зүйл бий” гэлээ.
МАН зарим гишүүнийхээ эрхийг түдгэлзүүллээ
МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос мэдээлэл хийж, намын шинэчлэлийн талаар танилцуулсан. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байна. НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгт байсан, энэ схемийг хэрэгжүүлсэн хэмээн үзсэн бол С.Мөнхчулууны тухайд төрсөн дүү нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхи, мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон, намын УЗ-ийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцжээ. Энэ талаар С.Мөнхчулуун "МАН бол тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэхийг үзэл баримтлалаа болгон ажилладаг. Тиймээс өчигдрийн гаргасан шийдвэрийг шударга байсангүй, гишүүдээ ялгаварлаж байна хэмээн үзэж байна. Учир нь УЗ-өөс ирүүлсэн нэр дэвшигчийн эсрэг хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр дэвшсэнийхээ төлөө намаас хөөж байгаа бол яахын аргагүй шударга бус байна. Анх удаагаа ийм зүйл тохиолдож байгаа хэрэг биш. Надтай өрсөлдөж, олонхийн санал авч чадаагүй НИТХ-ийн дарга С.Амарсайхан нь намын бодлогыг сөрж, заалнаас нэр дэвшээд НИТХ-ын даргад сонгогдож байсан. Үүнээс нэг жилийн дараа намын бодлогоор түүнийг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүллээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Надтай ижил дээрээ дэмжлэггүй жирийн гишүүд намын бодлого сөрсөн хэргээр хөөгдөж байгаа нь байж болохгүй асуудал. Иймд би намын УЗ-д өргөдөл гаргана. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд би дахин нэр дэвшиж, өрсөлдөнө гэсэн байр суурьтай байна" гэлээ.
Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРЫГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
"Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн бол давж заалдах шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутгажээ.
П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хаслаа
Өнгөрсөн жил Индонезод болсон Азийн наадмын үеэр дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхоноос сэргээш илэрч, “Жакарта-2018”-аас хүртсэн алтан медалиа хураалгасан. Манай тамирчин түүнээс хойш өдийг хүртэл ямар нэгэн тэмцээнд оролцоогүй, ДАШТ-д барилдаагүй. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сар хүртэл хаслаа. Ингэснээр П.Орхон энэ жил болон 2021 оны ДАШТ, “Токио-2020” олимпод оролцох боломжгүй болов.
О.Энх-Эрдэнэ дараагийн шатанд шалгарч чадсангүй
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй "CBS" телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож буй. Тэрбээр эхний шатандаа Жорж Стрэйт (George Strait)-н "Amarillo By Morning" хэмээх дууг дуулж, үндсэн гурван шүүгчээс хамгийн дээд буюу 45-50 оноог авч чадсан.
Тэгвэл сүүлийн дугаарт Энэтхэгийн 11 настай төгөлдөр хуурч хүү Лидиан Надхасварам (Lydian Nadhaswaram)-тай өрсөлдөж, 10 онооны зөрүүгээр ялагджээ.
О.Энх-Эрдэнэ Жош Тёрнер (Josh Turner)-ын "Your Man" дууг дуулсан бол Лидиан Моцартын "Turkish March"-г нүдээ боон тоглож сонирхуулжээ.
ЗГ: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг торгохгүй
Хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлсэн. Харин үүнийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас зогсоосон байна. Тухайлбал, иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж, холбогдох яамд чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй аж.