Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн орд газартай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж мэдүүлэг авчээ.
Тэрбээр АТГ-т мэдүүлэг өгөөд гарч явах үедээ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ц.Элбэгдорж “Хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудвал бид бүгд ирж асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч. Хаана ч явж байсан хууль дуудвал би хамгийн хурднаараа ирэх болно. Хуулийн байгууллагаас зугтах ямар ч шаардлага байхгүй.
Мөн Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх чөлөө, бие даасан байдалд аюул учирна.
Цаазын ялын асуудлаар хэлэхэд “Цаазын ялын эсрэг олон улсын комисс” байдаг. Би тэрэнд комиссионер үүрэгтэй. Би тийшээ удахгүй явж оролцоно. Санаа зовох хэрэггүй.
Түүнчлэн утааны асуудал миний санааг ихээр зовоож байна. Энэ чиглэлээр иргэнийхээ хувьд хийхээр бодож буй зүйл бий” гэлээ.