УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Г.Занданшатар уг хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн талаар Гавьяат хуульч, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багш “Өөрийн хийгээд дэлхийн улсуудын хүлээн зөвшөөрөгдсөн арга, туршлагыг судалж, орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онолын түвшинд хүртэл дэгийг боловсруулж, мөрдүүштэй. Энэ бол Үндсэн хуулиас дутуугүй ач холбогдолтой хууль” гэж хэлсэн. Энэ үг нь парламентын төлөвшил, парламентат ёсны хөгжилд хуралдааны дэгийн тухай хууль ямар ач холбогдолтой болохыг тод томруунаар илэрхийлдэг юм. Хууль тогтоох байгууллага хуулиар тогтоосон үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй ч УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, ирц зэрэг нь анхаарахгүй орхиж боломгүй асуудал болоод байна. Тиймээс бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа өөрчлөлтийг эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай. Бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Иймээс УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар парламентын нэр хүндийг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх хаврын ээлжит чуулганаас УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, саналаа өгөх болсныг УИХ-ын дарга онцолж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 онд батлан хэрэгжүүлснээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ тоолонд гишүүдийн ёс зүй, хариуцлага дээшилсээр ирсэн. Үүний бодит жишээ нь гишүүд хурууны хээгээр ирцээ бүртүүлж, саналаа өгөх, чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд хүргэх асуудлыг хуульчилсан явдал. Мөн чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа аливаа албан тушаалтан зөвхөн бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн дүүрэн хариулахыг хуулиар үүрэг болгосон. Хэрэв холбогдох албан тушаалтан УИХ-д худал мэдээлэл өгсөн бол түүнд хуулийн хариуцлага тооцох зохицуулалтыг дэгийн хуульд нэмж тодотгосон. Энэ хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад батлагдаагүй, гээгдсэн олон чухал заалт бас бий” гэв.
Илтгэгчдийн мэдээллийг сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцогчид үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл
“Өглөөний ирцээр үдээс хойших хуралдаан үргэлжилдэг нь УИХ-ын гишүүдийн салан задгай байдлыг бий болгосон. Түүнчлэн УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд ороолцоогүй тохиолдолд түүний цалингаас хасна гэдэг нь өөрсдийгөө хуурсан явдал. Үүний оронд тухайн гишүүн хуралдааны 50-иас дээш хувьд суугаагүй тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэсэн хуулийн хатуу заалт оруулах нь зүйтэй”
гэсэн. УИХ-ын дэд дарга асан Л.Цог “УИХ-ын цөөнхийн үгийг илүүтэй сонсох, мөн УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг дахин харах хэрэгтэй байна”, УИХ-ын гишүүн асан Л.Товуусүрэн “Парламентыг хэрүүлийн талбар болгохгүйн тулд дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зайлшгүй төдийгүй парламентын дархлааг сайжруулах цаг болсон”, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Парламентын нэр хүнд унаж байгаа нь одоогийн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиа хэрэгжүүлэхгүй байгаатай холбоогүй. Иймд хуульд бүхэлд нь бус цөөн хэдэн заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бусад орны парламентыг харахад манайх шиг хуулийг бүхэлд нь баталдаггүй”, хуульч, доктор Б.Гүнбилэг “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгох шаардлага байгаа тул Дэгийн тухай хуульд энэ талаар санкц байх хэрэгтэй” гэсэн санал хэллээ.