Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “зэрэг нэмэх”-ийн өмнө намаасаа хөөгдчихлөө. Засаг даргад зориглон нэрээ дэвшүүлж, олонхын санал авсан түүнийг Ерөнхий сайд дэмжээгүй ч дараагийн удаа С.Мөнхчулууныг батламжлахаас аргагүйд хүрсэн нь дээрх шийдвэрээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрийг нь сөрж нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун, түүнийг дэмжигчидтэй У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын удирдлага ойлголцож, тохиролцож чадаагүй гэсэн үг. Ер нь тохиролцох үйл явц их удаан үргэлжилсэн л дээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналыг МАН-ын Удирдах зөвлөлөөс ИТХ-д хүргүүлснээр өрнөсөн гэхэд болно.
Нам, засгийн эрх барьж буй удирдлага өөрийг нь дэмжихгүйгээ албан ёсоор илэрхийлснээс хойш сар гаруй дүлгэнэсний дараа өргөдлөө өгч, ажлаас чөлөөлөгдсөн С.Батболд, түүний оронд ИТХ-ын дарга С.Амарсайханыг томилуулах гэсэн Удирдах зөвлөл, нэрээ гэнэт дэвшүүлэн олонхын санал авсан С.Мөнхчулуун хийгээд “ялагч”-аас татгалзсан Ерөнхий сайдын шийдвэр гээд бүгд энэ намд бүрэлдсэн бүлэглэл, фракцын хооронд өрнөсөн нууцлаг яриа, уулзалт, хэлэлцээний үр дүн юм. Гэвч энэ бүхний эцэст ийм шийдвэрт хүрэв. С.Мөнхчулуунаас гадна төлөөлөгч Ц.Сандуйг “60 тэрбум”-ын гэх хэрэгт “яллан” хөөлөө.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараг бүтэн сар хүлээлгэсний эцэст С.Мөнхчулууныг Засаг даргаар батламжлахаас татгалзаж буйгаа илэрхийлсэн нэг өгүүлбэртэй хариугаа өгсөн юм. Энэ зуурт хариугаа яагаад өгөхгүй байгааг нь тодруулахад, “Би бодож байна” хэмээсэн гэнэ лээ. Зуун жилийн настай намын түүхэнд зурайсан хар толбо үлдээсэн “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон этгээдүүд, нарийвчлан харвал “нийслэлийн” гэх тодотголтой фракцынхныг нам, төрийн эрх мэдлээс бүр холдуулахыг битүүхэн зорьж яваа У.Хүрэлсүх олон зүйлийг эргэцүүлсэн нь лавтай. С.Мөнхчулуун гэдэг залуу энэ албыг үүрч чадах, эсэхийг тодорхойлох хувь хүний шинж, өгөгдөл, чин хүсэл, өнгөрсөн, одоо, ирээдүйн нөхцөлийг ч тооцсон биз. Гэвч Ерөнхий сайдын бодол ерөөсөө чухал биш гэж хэлье.
Энэ хотыг С.Мөнхчулуун, С.Амарсайхан, өөр хэнбугай удирдах вэ гэдэг нь маньд падлий ч алга, үнэндээ. Гагцхүү Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар Засаг даргад нэр дэвшсэнийхээ төлөө намаас хөөгдөх “ял” шийтгүүлсэн нь гаслантай. Уг нь Ц.Сандуйг ИТХ-ын даргаас чөлөөлсний дараа түүний орных нь хүнийг сонгох хуралдаанд С.Амарсайханы нэрийг танхимаас дэвшүүлэн, олонхын санал авснаар тамга гардсан түүхтэй. Энэ мэт жишээ олныг дурдаж болно. Хуулийн байгууллагын хяналтад байгаа хэргийн буруутныг Ардын намынхан тогтоож, шүүх засаглалынхнаас урьтаад “шүүчихсэн” нь бүр ч шог.
Энэ бол Үндсэн хуулийн 16.10 буюу “Хүний эрх, эрх чөлөө” бүлэгт “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэснийг илт зөрчсөн үйлдэл. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан 18 заалт бий. Ингэхдээ “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” хэмээн тодотгосон байдаг. Харин Улс төрийн намын тухай хуулийн 4.1-д “Нам нь Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” хэмээх тодорхойлолт бий. Өөрөөр хэлбэл, төрийн зарим албан хаагчаас бусад хэнийг ч эвлэлдэн нэгдсэн намаас нь хөөж, туух ёсгүй ээ. Үндсэн хуулиас давсан намын дүрэм, журам, даргын шийдвэр байх ёсгүйг улстөрчид сайн мэдэж баймаар.
Харамсалтай нь, үүнийг Ардын нам ч анх удаа хийж байгаа юм биш. УИХ-д үнэмлэхүй олонх болчихоод дангаар байгуулсан Засгийн газраа дараалан унагах гэсэндээ АН-ынхан аль алинд нь Ерөнхий сайдыг огцруулахын төлөө саналаа нэгтгэсэн. Гэвч У.Хүрэлсүхийг огцруулахын эсрэг саналтай байсныхаа төлөө Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нар шийтгүүлсэн. Ингэхдээ намын бодлогын эсрэг удаа дараа ажилласан гэдэг үндэслэлээр Ж.Батзанданд илүү хүнд “ял” тохоож, АН-аас хөөсөн. Жагсаал, цуглаан хийж олонд танигдаж, иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөлөл болж явсан Ж.Батзанданг АН-д “гудамж”-наас орж ирсэн гэж ялгаварлан гадуурхаагүй л байлтай. Харин сонгуульд нэр дэвших эрхээ гурван жилээр хязгаарлуулсан Л.Болд “АН-аас гаръя” гээд байхад нь хүртэл тавьж явуулахыг үл хүсэх нь хачирхалтай. Угтаа Монгол Улсын иргэн Л. Болд АН-ын үзэл баримтлал, бодлого, хөтөлбөрийг дэмжин гишүүнээр элсэж, эвлэлдэн нэгдсэн нэг өдөр байхад гарч явах нь бас л түүнд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж буй хэрэг. Гэтэл АН-ын удирдлага УИХ-д бүлэгтэйгээ тэсэж үлдэхийн тулд түүнийг хүчээр барьж байна. Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Г.Мянганбаяр, Л.Батдэлгэр, Т.Батцогт, М.Ихцэнгэл нарыг АН-аас хөөсөн билээ.
Мөн жил гаруйн өмнө Сангийн сайд асан С.Баярцогтыг Швейцарын Ерөнхий прокурорын газраас шалгаж, дансыг нь битүүмжилсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсний маргааш нь түүнийг АН-аас хөөчихсөн. Үүнийгээ АН-ын удирдлага “С.Баярцогт авлига авсан байж болзошгүй” хэмээн тайлбарлаж байсан юм даг. Харин хуулийн байгууллага өнөөдөр ч С.Баярцогтыг мөрдөн байцааж л байна. Тэрбээр хөөгдсөнийхөө дараа “АН-ын хувьд гаргасан шийдвэр нь эмгэнэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдтэл хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй нь ардчилсан нийгмийн зарчим. Манай намын удирдлага ийм дуулианыг далимдуулан маш богино хугацаанд намайг намаас хөөлөө. Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын олон хүнийг сэхээтний төөрөгдөл, баруунтан, зүүнтэн гээд хэлмэгдүүлж байсан гашуун түүх санагдаж байна. С.Баярцогтыг ингэж болдог юм байж. Энэ нь эцэстээ дарангуйлал болдог юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед “Еврейчүүдийг бариад явахад хэн ч дуугараагүй. Коммунистуудыг бариад явахад хэн ч дуугараагүй. Үйлдвэрчний эвлэлийнхнийг бариад явахад хэн ч дуугараагүй. Намайг бариад явахад дуугарах хүн байхгүй болчихсон байсан” гэж хэлсэн байдаг. Бид ардчилсан нийгэмд алдаж, онож явахдаа суурь зарчмаа хамгаалах ёстой. Ардчиллын үндсэн зарчим нь хүний эрх, хувийн өмч, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тухай л ойлголт шүү дээ. Эдгээр эрхийг нь л хавчин боогоод эхэлбэл ардчилсан нийгмийн суурь ганхана” хэмээснийг энд зориуд сануулъя.
Ийнхүү хэрэгжүүлэх нь бүү хэл, огт байх ёсгүй хөөх шийтгэл намуудын хувьд гишүүдээ айлгах арга хэрэгсэл аль хэдийн болчихсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахын төлөө оройлон ажилласан гэдэг үндэслэлээр Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Ц.Цогзолмаа тэргүүтэй гишүүдийг ч МАН-аас хөөсөн гэх мэдээлэл хэсэгтээ л шуугиулсан. “Хөөгдсөн” гэх гишүүд нь ч нэлээд сүржигнэсэн. Үнэхээр хөөгдсөн бол сүржигнэхээс ч өөр яах билээ. Аз гэх үү, арай ч хөөчихөөгүй байна. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа үүнд онцгой “хувь нэмэр” оруулсан гэж үзэж Р.Бурмаа, Х.Баттулга, Д.Зоригт нарын найман гишүүнийг АН-аас хөөх талаар нэлээд ярьсан. Энэ яриа 2016 оны сонгуулийн үеэр ч сөхөгдөж байсан. Бүр ҮЗХ-гоор хэлэлцүүлж, нэр бүхий гишүүдийг намд нь үлдээхээр шийдвэрлэж байсан юм.
Намын бодлого, даргын шийдвэрийг сөрсөн байтугай гэмт хэрэг үйлдсэн байлаа ч эвлэлдэн нэгдсэн намаас нь хөөх эрх аль ч намд байхгүй. Магадгүй ардчилсан нийгмээс өмнө МАХН гэж ганцхан нам-төртэй байх үед гишүүдээ ингэж дарамталдаг байсан биз. Тухайн үеийн МАХН, өнөөдрийн МАН-ынхны шинэ үеийн түүх ингэж үргэлжилж байгаа нь харамсалтай. “Ардчилсан” гэгддэг АН-ынхан ч арай дэндүү аашилж байна.