Түүхий эдийн “Эмээлт” захад өчигдрийн байдлаар адууны ширийг 13 000-14 000, тэмээнийхийг 25 000 төгрөгөөр борлуулсан байна. Тэгвэл ямааны арьсыг ноолуур суусан, эсэхээс нь шалтгаалж 18 000-45 000, үхрийн ширийг том, жижгээс нь хамаарч 7000-17 000, хонины өлөнг 1500, нэхийг 1000 төгрөгөөр үнэлж байгаа аж. Харин цагаан адууны ширийг хамгийн өндөр үнээр буюу 60 000 төгрөгөөр борлуулж байна.
Мөн адууны махны бөөний үнэ 5500-5800, жижиглэнгийнх нь 7000-7500 төгрөгийн үнэтэй байсан юм. Үхрийн махны бөөний үнэ 7200-7500 бол жижиглэнгийнх нь 9000-9500, ямааны мах бөөндөө 4500-4700, бага хэмжээгээр авбал 6500-6700, хониных бөөний үнэ нь 5300-5500, жижиглэнгийнх нь 7300-7500 төгрөгийн ханштай байгаа бол тэмээний махыг хамгийн хямд буюу их хэмжээгээр худалдан авбал 3500-3700, багаар бол 6000-6200 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь тус захад сарын өмнө борлуулж байсан үнээс бүх төрлийн махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн дүн бөгөөд тэмээний шир 15 000, үхрийнх 3000, ямааны арьс 2000 төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Харин бусад түүхий эдийн ханш тогтвортой байсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.