Баян-Өлгий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг мал нядалгаа, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдээс гарч буй хог хаягдал, сэг зэмийг стандартын дагуу устгах хогийн төвлөрсөн цэгтэй болох, Сагсай сумын нутаг дэвсгэрт ил, задгай хаясан малын яс, сэг зэмийг булж, тухайн бүсийн хөрсийг цэвэрлэн, нөхөн сэргээх, орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн холбогдох байгууллагууд Прокурорын газарт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Махны үйлдвэр ажиллуулдаг “Зергер интернэшнл”, “Азат”, “Угур”, “Нөхөд”, “Еттранзит” компанийнхан хэлэлцүүлэгт оролцсон байна. Малын гаралтай хог хаягдлаар бохирдуулсан газруудыг нөхөн сэргээж, эрүүлжүүлэх ажлыг дээрх үйлдвэрүүд хариуцахаар болж, харин энэ төрлийн хог төвлөрүүлэх нэгдсэн цэг байгуулах санаачилгыг холбогдох байгууллагууд ажил хэрэг болгох шийдэлд хүрчээ.
Яс боловсруулах үйлдвэр байгуулах санаачилгыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ үеэр гаргасныг Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газрынхан дэмжиж, аймгийн Засаг даргад уламжлахаар болсон гэнэ.