БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр Монгол Улс энэ онд Австралийг давах магадлалтай талаар proactiveinvestors.com.au-д мэдээлжээ. Урд хөрш далайгаар тээвэрлэн хүргэх нүүрсний нийлүүлэлтэд тавих хяналтаа нэмэгдүүлж буйг судалгааны “IHS Markit” фирм тэмдэглэснийг дээрх цахим хуудас эш татсан байв. Өнгөрсөн нэгдүгээр сарын эцсээс БНХАУ-ын хэд хэдэн боомтод Австралиас нүүрс нийлүүлэхийг хориглосон гэх мэдээлэл ч бий. 2018 онд БНХАУ-д нийлүүлсэн нийт нүүрсний 44 хувь нь Австралид, 43 нь манай улсад ногджээ. Үүнээс гадна Австралийн Күинслэнд мужийн хойд хэсэгт үер болж төмөр зам усанд автсан байна. Өнгөрсөн сарын 31-нд бороо орж эхэлсэн бөгөөд энэ сарын 2-нд төмөр зам үерийн уснаас болж харагдахаа больсон аж. Найм хоног үргэлжлэн бороо орсны улмаас галт тэргээр тээвэрлэж явсан цайр, хар тугалга, зэсийн тодорхой хэсгийг ч усанд “алджээ”. Ер нь 1.3 сая ам км газар үерт автсан гэж тооцож буй. Күинслэнд муж нь нүүрс, мөнгө, хар тугалга, цайр, алт, зэсийн томоохон олборлогч, экспортлогч юм. Тодруулбал, тус мужийнхан таван доллар тутмын нэгийг уул уурхайгаасаа олдог гэсэн статистик бий.