Монголбанк энэ он гарснаас хойш 183 кг алт худалдан авчээ. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед нэг тонн алт худалдан авч байсан аж. Ингэснээр Төвбанкны худалдан авсан алтны хэмжээ 82 хувиар багассан үзүүлэлт гарч байна. УИХ-аас 2014 онд алтны ашигт малтмалын нөөц ашигласны хураамжийг хоёр дахин бууруулж, 2.5 хувь болгох, өсөн нэмэгдэх татвар авахгүй байх хөнгөлөлтийг таван жилийн хугацаатай эдлүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дуусаж, ашигт малтмалын нөөц ашигласны хураамжийг тав, өсөн нэмэгдэх татварыг дөрөв хүртэлх хувиар тооцож эхэлсэн юм. Төвбанкныхан алт тушаалт буурсан шалтгааныг татвар өссөнтэй холбон тайлбарлаж байна. УИХ-ын зарим гишүүн татварын хөнгөлөлтийн хугацааг сунгах хуулийн төсөл санаачилсан ч улс төрийн тогтворгүй байдлын улмаас хэлэлцэж амжаагүй байгаа билээ.