Монгол Улс цөмийн эрчим хүчний салбарын шинэ тоглогч болох нохойн дуу ойртсоор байна. Учир юу гэвээс манай улс хамгийн анхны шар нунтгаа 2021 онд экспортолж эхлэх юм. “Эрдэнэс Монгол”-ын охин “Мон-Атом” компанийн 34 хувийг эзэмших болсон “Бадрах энержи” компани туршилтын үйлдвэрээ Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоогийн ордод бариад байгаа. Туршилтын үйлдвэрээ хоёр жил орчим ажиллуулж, 20 тонн ураны шар нунтаг олборлон, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулна. Ингээд “галт тэрэг” аян замдаа гарна гэсэн үг.
Бүгд Найрамдах Франц Улсын төрийн өмчит “Арева” групп 1996 оноос хойш “Коже говь” компаниараа дамжуулан Монголд ураны хайгуул хийж эхэлсэн. Саяхнаас нэрээ “Орано” болгон өөрчилсөн тус групп улмаар “Коже говь”-ийн дээр “Арева Монгол” компанийг байгуулсан юм. “Коже говь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумд 10 гаруй жил тасралтгүй хайгуул хийсний дүнд 2011 онд Дулаан-Уул ордод 6270 тонн ураны нөөц бүртгүүлсэн. Мөн 2013 онд Зөөвч-Овоо ордод 54 390 тонн ураны нөөц бүртгүүлэв. Цаашдаа хоёр ордын нөөц 75 мянган тоннд хүрэх төлөвтэй гэнэ. Энэ нь Монголын ураны бүртгэгдсэн нөөцийн тэн хагас нь билээ. Зөөвч-Овоогийнх шиг баялаг нөөцтэй стратегийн ордыг дэлхийд сүүлийн 20 жилд нээгээгүйг салбарынхан дуулгав.
Зөөвч-Овоогийн нөөцийг бүртгүүлсэн жил буюу 2013 онд БНФУ-ын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус манай оронд албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулж, “Мон-Атом” компани “Арева Монгол”-ын байгуулсан “Арева майнс” компанийн 34 хувийн хувьцааг эзэмших болсон юм. “Арева майнс” бол уран олборлох төслийг гардан гүйцэтгэх компани. Тухайн үед “Авера Монгол” компанийн хувьцааны 34 хувийг Японы “Мицүбиши” корпорац эзэмших гэрээ байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд БНФУ-д айлчлав. Энэ үеэр манай талаас “Коже говь” компанид Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Уран нь Олон улсын цөмийн энергийн агентлагийн хяналтад олборлодог стратегийн бүтээгдэхүүн учраас төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын үеэр чухал шийдвэрүүдийг нь гаргасаар иржээ. Улмаар ураны ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Коже говь”-иос “Арева майнс” компанид шилжүүлсэн. Эл компани өнгөрсөн оноос “Бадрах энержи” нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын цөмийн энергийн салбарын тоглогч болох суурь ийн бүрдсэн хэрэг.
Дэлхийд шар нунтаг экспортолдог 20 гаруй улс бий. Экспортынхоо хэмжээгээр Казахстан, Канад, Австрали, Нигери тэргүүлдэг. Уран олборлогч орнуудын “клуб”-т орсноор манай улс олон улсын харилцаанд шинэ статустай болно. Өөрөөр хэлбэл, уран стратегийн бүтээгдэхүүн тул геополитикийн тоглолт хийх “түлхүүртэй” болно гэсэн үг. Эрчим хүчний салбарын олонх мэргэжилтэн ураны экспортоос санхүүгийнхээс илүү олон улсын харилцаанд геополитикийн ашиг хүртэх нь чухал гэж үзэх нь бий. Энэ талаар хожим өгүүлье.
ОЙЛГОЛТЫНХ УУ, ОРЧУУЛГЫНХ УУ
“Мон-Атом” компани “Бадрах энержи”-гийн 34 хувийг эзэмшсэн Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд оруулсан нийт хөрөнгийн 34 хувийг “Мон-Атом” гаргах, үүнийгээ төслийн санхүүжүүлэгч “Арева Монгол” компаниас Лондоны банк хоорондын захын суурь хүүн дээр зургаан хувийг нэмсэн хүүгээр төлөх бүрхэг агуулгатай заалт бий. Үүнийг манайхан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй адилтган үзэх тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, төслийн нийт санхүүжилт нэг тэрбум орчим ам.доллар болно. Үүнийх нь 34 хувь буюу 340 орчим сая ам.долларыг “Мон-Атом” компани зээлсэнд тооцно. Зээлсэн хөрөнгөө хүүтэй нь эргүүлэн төлөхөөр нэг тэрбум ам.доллар болно. Ингэхээр монголчуудын төслөөс хүртэх санхүүгийн өгөөж буурна гэцгээв. “Бадрах энержи”-гийн хэрэгжүүлэх уг төслийн нийт өгөөж 6-7 тэрбум ам.доллар байна гэсэн урьдчилсан тооцоо бий. Үүний 34 хувь нь Монгол Улсад ногдоно гэвэл хоёр тэрбум ам.доллар болно. Үүнийхээ талаар зээлээ төлчихөөр бидэнд талхны булан олдоно гэсэн санаагаар монголчууд хардсан хэрэг.
Гэвч “Арева майнс” (“Бадрах энержи” болсон) компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Жак Пэтьегийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад 2017 оны гуравдугаар сарын 17-нд бичсэн захидал монголчуудын ойлголтыг үгүйсгэв. Уг захидалд “...Хамтарсан компанийн өр, үүрэг хариуцлагыг “Мон-Атом” ХХК хамтран хариуцна хэмээн Монгол Улсын төр, засаг захиргааны байгууллагууд эмээж байна гэж бид ойлгосон. Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд заасанчлан хувьцаа эзэмшигчид компанийг санхүүжүүлэх нөхцөлийн дагуу “Арева майнс” ХХК-ийг хувьцаа эзэмшигчид санхүүжүүлэх хугацаанд буюу үндсэн олборлолт эхлэх хүртэл “Мон-Атом” ХХК санхүүжилт гаргах үүрэг хүлээхгүй бөгөөд ямар нэг санхүүгийн эрсдэл үүрэхгүй. “Арева Монгол” ХХК болон
түүний хувьцаа эзэмшигчид санхүүжилтийг бүрэн хариуцна. Үндсэн олборлолт эхэлсний дараа “Арева майнс” ХХК-ийг хувьцаа эзэмшигчид санхүүжүүлэх хугацаанд “Мон-Атом” ХХК санхүүжилтэд оролцох, эсэхээ өөрөө шийдэх боломжтой. Тиймээс “Мон-Атом” компани болон Монгол Улсын төр ямар нэг үүрэг хүлээж, өрийн эрсдэл үүрэхгүй юм…” гэжээ. Тодруулбал, энэ захидалд үндсэн олборлолт буюу туршилтын дараах бүтээгдэхүүн гарч эхэлтэл “Мон-Атом” компаниас ямар нэг байдлаар санхүүжилт хийхийг шаардахгүй, өмнөх хугацаанд төсөлд зарцуулсан мөнгийг өрд тооцохгүйгээ ойлгуулжээ. Тэгэхээр үндсэн бүтээгдэхүүн гарталх санхүүжилтийг Францын “Орано” групп, Японы “Мицүбиши” корпорац даах нь.
Хувьцаа эзэмшигчдийн гэрээний монгол, англи орчуулга 70 хувийн зөрүүтэй байгааг тогтоожээ. Гэрээг монгол хэл рүү хөрвүүлэхдээ эдийн засгийн холбогдолтой зарим заалтыг нь бүхэлд нь хаясан тохиолдол ч тулгалтын явцад илэрсэн байна. Гэрээний орчуулгын агуулгын зөрүү буруу ташаа ойлголт төрүүлсэн байж ч магадгүй. Энэ бол чухал гэрээ. Ийм гэрээг 70 хувийг зөрүүтэй орчуулан баталж буй нь манай төр, захиргааны байгууллагынхан ажилд хайнга, сэтгэлгүй, эх оронч бусаар хандаж байгаагийн илрэл юм. Гэрээг монгол хэл рүү дахин орчуулж, талуудаар гарын үсэг зуруулах шаардлагатай байгааг албаны зарим эх сурвалж дуулгасан. Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу манай тал үндсэн олборлолт эхэлснээр 34 хувьдаа ногдох шар нунтгийг авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, “Мон-Атом” компанид үндсэн бүтээгдэхүүн гарч эхэлснээс хойш 34 хувь нь шууд ногдоно гэсэн үг. Хэнд борлуулахаа монголчууд өөрсдөө шийднэ.
УРАНЫ ИРЭЭДҮЙН НӨӨЦ
Манай улсад 141 500 тонн ураны нөөц бүртгүүлсэн. Энэ нь дэлхийд бүртгүүлсэн ураны нөөцийн хоёр хувийг эзэлж буй юм. Австрали 1.7 сая, Казахстан 679, ОХУ 505, Канад 493 мянган тонн ураны нөөцтэйгөөр тэргүүлж буйг МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирлагын сургуулийн докторант Д.Өнөрмаа судалгаандаа дурджээ. Манай улс ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг ч дэлхийд 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа. Ерөнхий сайдын толгойлдог Цөмийн энергийн комисст танилцуулсан хамгийн сүүлийн мэдээллээр манай улс ураны хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл олгожээ. “Бадрах энержи” ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг бол бусад нь “Гурван сайхан” компанийнх гэсэн мэдээлэл бий. “Арева Монгол” компани гэхэд Дарьгангын хотгорт ураны хайгуулын 11 тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Уран нь алтнаас илүү өргөн тархацтай цацраг идэвхт металл. Газрын хөрснөөс гадна усанд хүртэл ураны агууламж бий. Агууламж өндөр хуримтлагдсан газрыг илэрцтэй гэж тооцдог. Манай орны Дорнодоос Дорноговь аймгийн нутаг хүртэлх зурвас газар ураны илэрцүүд элбэг гэж үздэг. Одоогоор нийт 100 гаруй илэрц бүртгэгджээ. Цаашид Монгол Улсын ураны нөөц 1.5 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоог цөмийн энергийн салбарынхан танилцуулдаг. Энэ нь Монгол Улс уг салбарт урт хугацаанд тоглогч байх боломжтойг илтгэдэг юм.
ИЛҮҮ АШИГ
БНХАУ 2020 он гэхэд цөмийн 50 реактор ажиллагаанд оруулах зорилт тавин ажиллаж байгаа. Одоогоор үүнээс 20 гаруй нь ашиглалтад орсон гэх мэдээлэл бий. Дэлхийд цөмийн нийт 60 гаруй реакторыг ойрын хугацаанд ашиглалтад оруулна. Бүгд Найрамдах Энэтхэг Улс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ 10 дахин нэмэх зорилт тавьснаа зарласан. Японд цунами болж цөмийн эрчим хүчний 50 реактороо зогсоосноор ураны эрэлт буурч, фунт нь 60-70 ам.долларт хэлбэлзэж байсан ч үнэ нь доошилсон. Одоо цацраг идэвхт металлын ханш дэлхийн зах зээлд фунт нь 30 орчим ам.доллароор (кг нь 58 орчим “ногоон”) үнэлэгдэж байна. Казахстан улс олборлолтоо бууруулахаа мэдэгдсэн. Үүнээс гадна олон реактор барьж, эрэлт нэмэгдэх зэргээс шалтгаалж, цаашид ураны үнэ өснө гэсэн хүлээлт бий. Үнэ өсөх учраас уран экспортлох нь эдийн засгийн хувьд ч өгөөжтэй гэж шинжээчид харж байна.
...Манай улс ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг ч дэлхийд 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа. Ерөнхий сайдын толгойлдог Цөмийн энергийн комисст танилцуулсан хамгийн сүүлийн мэдээллээр манай улс ураны хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл олгожээ. “Бадрах энержи” ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг бол бусад нь “Гурван сайхан” компанийнх гэсэн мэдээлэл бий. “Арева Монгол” компани гэхэд Дарьгангын хотгорт ураны хайгуулын 11 тусгай зөвшөөрөл эзэмшдэг...
Шар нунтгаас санхүүгийн биш, олон улсын харилцаанд эзлэх байр суурь, геополитикийн ашгийг илүүд үзэхийг чухалчилдгийг дээр дурдсан. Хятадын цөмийн реакторуудад манайх шар нунтаг нийлүүлнэ. Харин танайх манай коксжих нүүрсийг худалдаж ав гэж тохиролцоо хийж болох юм. Шар нунтаг нийлүүлэх гэрээг 15-20 жилийн хугацаатай байгуулдаг. Реактороо түүхий эдээр тасралтгүй хангахын тулд худалдан авагчид найр тавих нь гарцаагүй. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэхээр төлөвлөж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчилсан. Энэ үеэр “Танай цөмийн энергийн салбарт хамтарч ажиллах сонирхлыг дэмжиж болох юм” гэсэн ганц өгүүлбэр манай талаас хэлээд, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон гэсэн яриа ч ор үндэсгүй биш. Одоо бид Энэхтэгийн хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байгаа. Япончууд 1990 оноос хойш манайд олгосон олон тэрбум ам.доллароор хэмжигдэх буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийнхээ төлөөсөнд “Арева Монгол” компанийн хөрөнгө оруулагч болсон гэсэн мэдээлэл ч бий. Энэ мэтээр уран олборлосны ач тус эдийн засагт ээл, ашгаа өгдөг ажээ. Юутай ч Монгол Улс дэлхийн биш юм гэхэд Азийн зах зээлийн цөмийн энергийн салбарт шинэ тоглогч болон гарч ирэх хугацаа ойртсоор байна.