Нэг удаагийн, 0.035 мм-ээс нимгэн гялгар уутнаас татгалзах шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан. Үүнтэй холбогдуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнхөн байгальд уусдаггүй гялгар уутнаас татгалзаж, даавуун уут, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэж эхэлжээ. Тэд даавуун уутаа хэлбэр хийц, хэмжээнээс нь хамааран 400-800 төгрөгөөр борлуулж байна. Уг төвийнхөн үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэн 200 хүнийг ажлын байраар хангах боломж бүрдүүлснээ онцоллоо.
Одоогоор энэ төвд 100 гаруй хүн ажилладгаас 70 орчим нь хараагүй иргэн гэнэ. Нэг оёдолчин өдөрт 7-8 төрлийн 60-70 уут оёдог. Захиалга их байвал үүнээс ч олныг үйлдвэрлэх боломжтой аж. Ташрамд дурдахад, хуванцар сав, нийлэг уутыг ахуйн зориулалтаар өргөн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүрээлэн буй орчныг бохирдуулдаг тул даавуун уут ашиглаж хэвшсэнээр энэ эрсдэлээс сэргийлнэ.