Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аа дуулж, “Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлохоор зэхэж буй компани, өрнөж буй үйл явдлын талаар манай сонин цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж буй. Тусгай хамгаалалттай газарт, Хамарын хийдтэй хаяа хатган ажилчдын байраа төвхнүүлэхээр завдсан бөх зүрхтэй компанийн талаар нутгийн иргэд ямар ч мэдээлэлгүй, тэр ч бүү хэл орон нутгийн удирдлага нь ч нэг мөр ойлголтгүй, өөр хоорондоо тусгай зөвшөөрөл дамжуулсан олон компани дунд төөрч, будилж суугаа тухай өмнөх дугаартаа бид мэдээлсэн. Мөн тус компани Монгол Улсын хууль цааз, төрийн албыг хэрхэн дорд үзэж буйг эх сурвалжуудын яриагаар баримтжуулан хүргэсэн. Түүнчлэн Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын тэн хагасыг эзэлж буй Хар талын тусгай зөвшөөрөл ямар замаар харийнхны гарт орсон мөрөөр сурвалжилсан.
Тэгвэл энэ удаа тус компанийн хуулиас давсан эрх дарх, хууль бус үйлдлүүдийн талаарх шинэ мэдээлэл, албан тушаалтнуудын тайлбарыг хүргэж байна.
“Даблью эс жи эл” компанийнхан 500-1000 ажилтан байнга байрлуулах кэмп барина, төвийн цахилгаанд холбоно хэмээн ярьж явсныг бид өмнөх сурвалжилгууддаа дурдсан. Тус компани хэрэв энд олборлолт явуулбал тийм ч жижиг уурхай ажиллахгүй нь харагдаж буй биз. Гэтэл “Даблью эс жи эл” компанийн эзэмшлийн MV-020873, “Олон ихт баян” компанийн эзэмшилд буй MV-021248 тусгай зөвшөөрөлтэй Хар тал ашиглалтын талбайн нөөцийг бүртгүүлсэн, эсэх, бүртгүүлсэн бол хэр хэмжээний нөөцтэй, нүүрснээс өөр ашигт малтмал илэрсэн үү зэрэг асуултын хариулт тодорхойгүй байгаа. Хамгийн ихээр сонирхол татаж буй эдгээр болон бусад асуултад хариулт авахаар АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяртай холбогдсон юм.
М.МЭНДБАЯР (АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга):
-Уул уурхайн олборлолт хийх гэж буй компани нэн тэргүүнд ямар бичиг баримт бүрдүүлж, ажил нь ямар дарааллаар явах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд нөөцөө батлуулна. Түүндээ үндэслэж ТЭЗҮ-ээ боловсруулаад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулна. ТЭЗҮ батлагдсаны дараа уулын ажлын төлөвлөгөөгөө манайхаар батлуулна. Тэгээд уурхайгаа улсын комисст хүлээлгэн өгч, бүтээгдэхүүн борлуулах эрхээ аваад олборлолтоо эхлүүлнэ.
-“Даблью эс жи эл” компани олборлолт эхлүүлэхэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн юм болов уу. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Уулын ажлын төлөвлөгөөгөө одоогоор манайд оруулж ирээгүй байна. ТЭЗҮ-ээ боловсруулж байгаа гэж байсан. Дууссан бол Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өгсөн байх.
-Энэ компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг батлуулаагүй гэсэн мэдээлэл байх юм?
-2017 онд батлуулсан байх аа. АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтэс юм уу, Эрдэс баялгийн мэдээллийн төвөөс мэдээлэл авах хэрэгтэй. Эрдэс баялгийн мэдээллийн төвд бүртгэгдсэн байх ёстой. Тэндээс асуу.
-Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаасаа өмнө нөөцөө батлуулах ёстой биз дээ?
-Одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар бол эхлээд нөөцөө тогтоож, батлуулаад, дараа нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авна. Харин Хар талын тусгай зөвшөөрөл энэ хуулийг батлагдах үед олгогдсон байсан. Тэр үед хуучин, шинэ хоёр хуулийн үйлчлэлийн завсарт гарсан асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийг дагаж дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулсан. Тэнд “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээд өөрөө хүсэлт гаргавал нөөцөө батлуулаагүй байсан ч ашиглалтын зөвшөөрөл олгоно” гэсэн заалт байсан юм. Тэр дагуу өгсөн гэж ойлгосон. Гэхдээ нягтлаарай. Би буруу санаж байж магадгүй гэв.
Тэр үнэхээр буруу санажээ. Өдгөө мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийг 2006 оны долдугаар сарын 8-нд баталж, тухайн оны наймдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн. Харин Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2006 оны долдугаар сарын 8-нд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө, тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгосон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг шинээр баталсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван сарын хугацаанд шинэчлэн бүртгэх зорилготой байв. Гэтэл Хамарын хийд орчмын Хар талын хайгуулын тусгай зөвшөөрлийг хэзээ хойно, 2007 оны наймдугаар сард анх авч, мөн оны арваннэгдүгээр сард ашиглалтынх болгосон байдаг. Өмнөх хуулийн үйлчлэлд хамрагдах ямар ч боломжгүй, шинэ хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани ордынхоо нөөцийг тогтоож, батлуулсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан байх ёстой. Гэтэл тухайн үед тус компани нөөцөө тогтоох бүү хэл хайгуулын ажил хийсэн тайлан ч өгөөгүй байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Тусгай зөвшөөрөл анхнаасаа буруу замаар замаар явсныг илэрхийлэх баримт юм.
Тухайн үед бүртгүүлээгүй байдаг байж. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрлөө, одоо эзэмшиж буй компани нь олборлолт хийхээр кэмпээ байгуулах хүртлээ явж байгаа юм чинь эрх биш нөөцөө батлуулсан байлгүй гэх итгэлээр АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн төвийг өчигдөр зорьсон ч хайсан мэдээллээ авч чадсангүй. “Оуяашиёоу”, “Даблью эс жи эл”, “Олон ихт баян” гэхчлэн тусгай зөвшөөрөл шилжүүлсэн бүх компанийн нэрээр, 12923А, MV-020873, MV-021248, бүр анхны 12618Х хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаараар, Хар тал хэмээх ашиглалтын талбайн нэрээр гээд боломжит бүх хувилбараар уйгагүй хайсан мэргэжилтэн “Хайгуулын ажлын тайлан, нөөц бүртгүүлсэн ямар ч мэдээлэл алга. Өчигдөр, уржигдар бүртгүүлсэн бол мэдээллийн санд ороогүй байх магадлалтай. Түүнээс өмнө бүртгүүлсэн л бол гарч ирэх ёстой” гэсэн. Тусгай зөвшөөрлийг 2007 оноос өнөөг хүртэл эзэмшиж байсан бүх компанийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаараар хайхад мэдээлэл гарч ирээгүй тул уг ордын нөөцийг өнөө хүртэл бүртгүүлж, батлуулаагүй байх магадлал өндөр байна.
Илт хууль бус үйл ажиллагаа явуулж, хуульд заасан шаардлагыг хангаагүй, бичиг баримтаа бүрдүүлээгүй хэрнээ тусгай хамгаалалттай газарт кэмпээ барихыг завдсан “Даблью эс жи эл” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-т хүргүүлээд буй. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар болон тусгай хамгаалалттай газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл яагаад давхцуулан олгосныг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгээс тодрууллаа.
Д.ДАШЗЭВЭГ (АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга):
-Хамарын хийдийн орон нутгийн хамгаалалттай газартай уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай давхцсан асуудал гарлаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Тусгай хамгаалалтад авчихсан газарт манайх дур мэдэн тусгай зөвшөөрөл өгөөд, давхардуулчихсан юм биш. Өмнө нь хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг сэргээ гэсэн шүүхийн шийдвэрийн дагуу л сэргээсэн. Манай байгууллагаас өмнө нь энэ тусгай зөвшөөрлийг цуцалчихсан байтал шүүх “Та нар хууль бусаар, үндэслэлгүйгээр цуцалж, хууль зөрчсөн байна. Тиймээс үүнийг сэргээ” гэсэн. Уг газрыг тусгай хэрэгцээнд авсныг шүүх харгалзаж, тогтоолдоо ямар нэг гаргалгаа тусгах ёстой байсан байх. Гэтэл дурдаагүй юм билээ.
-Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр танайх уг тусгай зөвшөөрлийг 2009 онд цуцалсан гэсэн. Гэтэл үүнийг яагаад хууль бус шийдвэр гэж шүүх үзсэнийг тодруулаач. Танай байгууллага тухайн үед үнэхээр хууль бус шийдвэр гаргачихсан юм уу?
-Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн заалттай. Энэ дагуу цуцалсан. Түүнийг яагаад хууль бус гэж үзэж, нөгөө талд шийдвэр гаргаснаа шүүх л тайлбарлах байх. Ямар шийдвэр гаргах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Би шүүхийн шийдвэрийг дүгнэж цэгнэж яримааргүй байна.
-Аймгийн Засаг дарга “Даблью эс жи эл” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлсэн гэсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх бол?
-Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн саналд хариу өгөхөөр бид судалж байна. АМГТГ бол тусгай зөвшөөрлийг шууд олгоод, дураараа цуцлаад байдаг байгууллага биш. Хуульд захирагдаж ажиллана. Тусгай зөвшөөрөл олгох, цуцлах боломжийг хуулиар хязгаарласан байдаг.
Тэгэхгүй бол замбараагүй байдал үүснэ шүү дээ. Манай хэлтсийн хариуцах асуудлын хүрээнд харвал “Даблью эс жи эл” компанийн тусгай зөвшөөрөл шилжсэн, шилжүүлсэн нь хуулийн дагуу, хууль зөрчсөн гэх зүйлгүй байгаа. Ийм байхад бид “Олон нийт ингэж шаардаж байна. Хэвлэлээр ийм мэдээлэл гарлаа” гэсэн үндэслэл хэлээд цуцалчихаж болохгүй. Ингэвэл жинхэнэ хууль бус шийдвэр болж, нөгөө компанид улам ч ашигтай байдал үүсгэнэ гэв.