Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна


Өрөмдлөгийн ийм цооног энэ хавьд олон бий

Өмнөх дугаар

Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлохоор зэхэж буй талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Нутгийн иргэд уг компанийн талаар ямар ч мэдээлэлгүй, тэр бүү хэл, орон нутгийн удирдлага нь ч нэг мөр ойлголтгүй, өөр хоорондоо тусгай зөвшөөрөл дамжуулсан олон компанийн нэрэн дунд төөрч, хольж хутгаж суугаа талаар цухас дурдсан. “Хар тал” нэршилтэй тусгай зөвшөөрөл 2007 онд анх олгогдсон үеэсээ эхлээд эргэлзээ төрүүлэм адармаатай замыг туулж өнөө хүрсэн бөгөөд өдгөө “Даблью эс жи эл”, “Олон ихт баян” хэмээх хоёр компанийн гарт байна. “Даблью эс жи эл” нь Хонконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай бол “Олон ихт баян” нь монгол үүсгэн байгуулагчтай хэмээн бүртгэгджээ.

Монгол Улсын хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлээгүй, уул уурхайн олборлолт явуулах гэж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үндэс суурь болох ТЭЗҮ ч үгүй хэрнээ түүх, соёлын дурсгалт газарт ажилчдын кэмп байгуулан, монголчуудыг сандаргасан компани бол “Даблью эс жи эл”. Үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээгүйгээс гадна тэдний ашиглалтын талбай Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын тэн хагасыг эзэлж буй. Тодруулбал, Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын талбайн хэмжээ 45164.38 га, дээрх хоёр компанийн тусгай зөвшөөрлийн талбай 25 262 га бөгөөд бараг бүхэлдээ тусгай хамгаалалттай газартай давхацсан учраас иргэд эсэргүүцээд байгаа юм.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг дарга Ж.Сүхбаатар, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Мөнх-Эрдэнэ, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Мөнхбаяр, тус газрын байгаль орчин болон геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нар “Даблью эс жи эл” компанийн удирдлагатай өнгөрсөн долоо хоногт уулзжээ. Хяналт тавьж, шалгах эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд дуудахаар ирдэггүй, очоод уулзах гэхээр олддоггүй, бичиг баримтаа бүрдүүлж хуулийн дагуу явдаггүй том толгой, бөх зүрхтэй “Даблью эс жи эл”-ийнхэнтэй орон нутгийнхнаас нүүр тулж уулзан, үг сольсон хүмүүс нь одоогоор тэд. Тиймээс тэднээс мэдээлэл авсан юм.

Ж.СҮХБААТАР (Өргөн сумын Засаг дарга):

-“Даблью эс жи эл” компани бичиг баримтын бүрдэлгүй үйл ажиллагаа эхлүүлэхийг завдсан гэсэн мэдээлэл байна. Орон нутгийн удирдлагад ямар бичиг баримт үзүүлсэн бэ?

-Тухайн компани нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүйн улмаас 2009 онд лицензээ цуцлуулсан бөгөөд 2016 онд шүүхэд хандахад нь нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх тэдний талд шийдвэр гаргажээ), уг шийдвэрийн дагуу АМГТГ-аас сэргээсэн тусгай зөвшөөрлийн хуулбараа 2017 онд авчирч өгсөн. Үүнээс өөр зүйл үзүүлээгүй. Ашигт малтмал олборлохын тулд цөөнгүй бичиг баримт бүрдүүлэх ёстой. Тэр нь бүгд байхгүй.

-Ядаж ТЭЗҮ-тэй байлгүй дээ.

-ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө гээд зайлшгүй байх ёстой бичиг баримтын аль нь ч байхгүй. Ер нь хуульд заасан 28 төрлийн бичиг баримтаас аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбараас бусад нь байхгүй гэж ойлгож болно.

-Түүнийгээ юу гэж тайлбарлаж байна вэ?

-Нэгдүгээрт, бичиг баримтаа бүрдүүлээгүй байж үйл ажиллагаа эхлүүлэх гэж буй нь хууль зөрчиж байна. Хоёрдугаарт, энэ талбай тусгай хамгаалалттай газартай давхцаж байгаа учраас энд олборлолт хийхийг зөвшөөрөхгүй гэж бид хэлсэн. Захирал нь хонконг хүн байна билээ. Тэр “Ойлгож, хүлээж авч байна. Асуудал шийдэгдтэл үйл ажиллагаа эхлүүлэхгүй хүлээе” гэсэн.

-Асуудал хэзээ, хэрхэн шийдэгдэнэ гэж бодож буй юм бол?

-Ямар ч байсан орон нутгийн иргэд энд олборлолт хийлгэхгүй гэж байгаа.

-Хамарын хийд орчмыг тусгай хамгаалалтад авсан хугацаа энэ оны долдугаар сард дуусах юм билээ. Тэр болтол хүлээе гэж байгаа юм биш биз?

-Аймгийн ИТХ энэ хугацааг сунгах байх гэж найдаж байна.

Н.МӨНХ-ЭРДЭНЭ (Өргөн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч)

-“Даблью эс жи эл” компани хуулийн ямар, ямар заалтыг зөрчөөд байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Тус компани ямар ч бичиг баримтгүй. Уурхай дээр байх ёстой бичиг баримтын жагсаалт Ашигт малтмалын тухай хуульд бий. Хамгийн наад зах нь, ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ ч үгүй, тусгай зөвшөөрлөөс өөр бичиг баримтгүй олборлолт хийх гэж явна гэдэг бол Ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байгаа хэрэг.

-ТЭЗҮ-ээ огт батлуулаагүй гэсэн үг үү, кэмп дээрээ авчраагүй гэсэн үг үү?

-Батлуулаагүй л гэсэн үг шүү дээ. Батлуулсан бол орон нутгийн эрх бүхий албаны хүмүүс хяналт шалгалт хийж байхад үзүүлэх ёстой.

-Түүнээ ч хийлгэхгүйгээр олборлолт явуулахаар хөрөнгөө оруулаад ирдэг компани байдаг аа?

-Өөрсдөө бол олборлолт хийх бус, ажилчдаа бэлдэх гэж байгаа гэж булзаж байна билээ. Гэхдээ ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт 500-1000 хүний кэмп барина гэдэг чинь олборлолт хийх гэж буй л хэрэг шүү дээ.

-500-1000 ажилчин авна гэж хэлсэн юм уу?

-Тийм. Орон нутгаас ийм тооны ажилчин авна гэж байна билээ.

-Уг компани өнгөрсөн онуудад хайгуул хийсэн гэсэн. Энэ нь хууль журмын дагуу явсан, эсэх нь бас эргэлзээ дагуулж байгаа?

-Хайгуулын ажлын төлөвлөгөөгөө Мэргэжлийн хяналт, АМГТГ-аар батлуулаад, хийх ёстой. Орон нутаг байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг нь баталдаг. 2017 онд манайхаар батлуулсан. Харин тэр ажлынхаа тайлан мэдээлэл, хайгуул хийсэн газраа хүлээлгэж өгөөгүй. Өнгөрсөн онд хайгуулын ажил хийнэ, төлөвлөгөө батлуулна гэж бидэнд хандаагүй.

-Хэдий хэрийн нөөцтэй, ямар ашигт малтмал байгаа, шинээр ямар нөөц илрүүлснийг нь та бүхэн мэдэхгүй байгаа юу?

-ТЭЗҮ батлагдаагүй учраас нөөц тодорхой бус гэсэн үг. Хайгуулынхаа үр дүнгээр нөөцөө тогтоож, түүндээ үндэслэж ТЭЗҮ батлуулна. ТЭЗҮ-д бүх зүйл байх ёстой. Тусгай зөвшөөрөл дээр ашигт малтмалын төрөл нь нүүрс гэж байгаа ч коксжих нүүрс үү, хүрэн нүүрс үү гэдгийг ч мэдэхгүй байгаа.

М.МӨНХБАЯР (Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга):

-Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт олборлолт хийх гэж буй талаарх мэдээллийг хэзээ авав?

-Даваа гарагт (өнгөрсөн долоо хоногийн) ийм мэдээлэл аваад байцаагч явуулж, холбогдох хүмүүсийг ирж уулз гэж хэлүүлтэл ирээгүй. Лхагва гарагт (өнгөрсөн долоо хоногийн) Өргөн сумын Засаг дарга Ж.Сүхбаатар “Нөгөө хүмүүс манай суманд ирнэ гэнэ. Энд хүрээд ирээч” гэхээр нь очиж “Даблью эс жи эл” компанийн гүйцэтгэх захирал Хао гэгчтэй уулзлаа. Түүх, соёлын дурсгалт газар гэдгийг огт мэдээгүй л гэж байна билээ.

-Өргөн сумынханд ямар ч бичиг баримт үзүүлээгүй гэсэн. Аймгийн мэргэжлийн хяналтынханд яасан бол?

-Уурхай эрхлэхэд 28 төрлийн бичиг баримт бүрдүүлж, үйл ажиллагаа явуулж буй газраа байлгах ёстой. Үүнээ бүрдүүлсэн үү гэхэд “Одоогоор ордоо ашиглах хэмжээнд бичиг баримт бүрдүүлээгүй. Эхний ээлжинд кэмпээ байгуулж, орон нутгаас ажилчид авч, сургаж дадлагажуулах үйл ажиллагаа явуулах гэж байсан” гэж хэлсэн. Бичиг баримтаа авчир гэсэн. Авчирсан зүйл одоогоор алга.

-Ажиллах хүчний талаар мэдээлэл авсан уу. БНХАУ-аас ажиллах зөвшөөрөлгүй, бизнес, жуулчны визтэй хүмүүс оруулж ирсэн гэсэн мэдээлэл байна?

-Түүнийг нь сайн мэдэхгүй. Даваа гарагт манай байцаагчийг кэмп дээр очиход хоёр хятад, нэг өвөрмонгол байсныг цагдаагийнхан бичиг баримтыг нь шалгах гээд аваад явсан гэсэн. Дахиад цаана нь хүмүүс байна билээ. Лав л арваад хятад иргэн байгаа байх.

Орон нутагт төрийн албыг залгуулж буй холбогдох албаныхан ийм яриатай сууна. Дулдуйтын Равжаагийн дуулж явсан аараг толгодыг ухаж, говь нутгийн бүлээн хэвлий рүү хүйтэн “мэс” дүрэн, “элэг, зүрх”-ийг нь сугалах 40 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг гартаа атгасан “Даблью эс жи эл” компанийнхан Монгол Улсын хууль цааз, төрийн албыг үл тоож байгаай нь дээрх хүмүүсийн ярианаас харагдаж буй биз. Мөн уурхай ажиллах газар руугаа цахилгаан татахаар хөөцөлдөж, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээгээр орсон гэсэн мэдээлэл байна. Хуулийн шаардлага хангаагүй байж ийн ажлаа шуурхайлж, олон нийтийн анхаарал татахуйц алхмууд хийж буй нь гайхмаар. Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулагчидтай туйлын болгоомжтой харилцах шаардлагатай хэдий ч тэднийг хуулийн дагуу ажиллахыг шаардах эрхтэй билээ.

Тус компани нөөцөө бүртгүүлж, ТЭЗҮ батлуулсан, эсэхийг тодруулахаар АМГТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудтай холбогдсон юм. Эхний холбогдсон хүн “Хайгуулын лицензийг ашиглалтынх болгохын тулд заавал нөөц батлуулж, Эрдэс баялгийн мэдээллийн санд бүртгүүлнэ. Үүний дараа ашиглуулах уу, үгүй юү гэдгээ Монгол Улс шийднэ. ТЭЗҮ нь батлагдсан болоод л ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байх ёстой” хэмээгээд, Эрдэс баялгийн мэдээллийн төвийнхөнтэй холбогдохыг зөвлөсөн. Тус төвийнхнөөс Хамарын хийд орчмын “Хар тал” нэршилтэй ашиглалтын талбайн нөөцийг батлуулж, Эрдэс баялгийн мэдээллийн санд бүртгүүлсэн, эсэхийг тодруулахаар хандахад “Мэдээлэл өгөх боломжгүй. Дараа албан ёсоор хариу өгнө” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)