ХБНГУ-ын Берлин хотноо 11 дэх удаагаа Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Монгол Улсыг төлөөлж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцлоо.
1996 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг энэ удаагийн чуулганаар "Дижитал тоон үзүүлэлттэй хөдөө аж ахуй-ирээдүйн хөдөө аж ахуйд зориулсан ухаалаг шийдлүүд" сэдвийн дор дэлхийн нийт 75 орны Хөдөө аж ахуйн сайд нар чууллаа.
Хуралдааны үеэр манай улс "Мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах" сэдэвт салбар хуралдаанд оролцож, энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцсан юм. Энэ үеэр улс орон бүр дүгнэлтээ гаргаж тунхаг бичгийг санал нэгтэйгээр батлав. Үүнд, хөдөө, орон нутгийн дэд бүтцийг тогтвортой хөгжүүлэх, дэлхийн улс орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дижитал, тоон технологийн хувиргалтыг нэвтрүүлэх зэрэг зарчмуудыг тусгасан ажээ.