Монголбанкнаас иргэдийн хэрэглээний зээл авах хугацааг 30 сараар хязгаарлах журам баталж энэ сарын 1-ээс хэрэгжүүлж хэлсэн. Үүнийхээ талаар Төвбанкныхан өчигдөр тайлбар хийлээ. Тус журмаар хугацаанаас гадна зээлдэгчийн орлоготой харьцуулсан зээлийн төлбөрийн хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоожээ.
Тодруулбал, хэрэглээний зээл олгохдоо банкууд зээлийн төлбөрийг зээлдэгчийн сарын орлогын 70 хувиас хэтрүүлэхгүй байх үүргийг журмын дагуу хүлээжээ. Тэгэхээр зээлдэгчийн халаасанд сарын орлогынх нь 30 хувь үлдэнэ гэсэн үг. Хэрэглээний зээлийн хугацаа 96 сар хүртэл сунаж, сарын орлогыг нь 100 хувь төлбөрт хураах тохиолдол гарах болсон учраас ийм хязгаарлалт хийсэн аж.
Зээлийн нөхцөл уян хатан болох тусам хэрэглээний зээлийн хэмжээ огцом өсөж, нийт зээлийн 57 хувийг эзлэх болсон байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд хэрэглээний зээлийн хэмжээ тус бүр 40-50 хувиар өсжээ. Энэ төрлийн зээлийн хэмжээ цаашид өссөөр байвал санхүүгийн тогтвортой байдал алдагдах нөхцөл болно гэж Монголбанкныхан болгоомжилж буй.
Хэрэглээнийхэд хязгаар тавьснаар хэмжээ нь буурч, аж ахуйн нэгжид олгох зээл өсөн, бодит эдийн засагт үр дүнгээ өгнө гэж тэд төсөөлж буй юм. Энэ журмыг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн баримжаа гаргажээ. Одоогоор банкууд нийт 19 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа билээ.