Дөрвөн аймагт гахайн мялзан өвчин гарсан нь тогтоогдсон тул хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж буй. Уг өвчин гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж, гахайн мах болон өөх импортлохыг хориглосон талаар Мэргэжлийн хяналтын газар мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд гахайн мах нийлүүлж буй цэгүүдээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь гахайн мялзан илэрчээ. Чанаж болгосон махнаас ч уг өвчин илэрснийг сэрэмжлүүлэв. Тэдгээр аж ахуйн нэгжийн агуулахыг лацадсан бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг зоогийн газрууд, иргэдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Монгол Улсад нийт 31 мянган гахай тоологдсоны дийлэнх буюу 17 мянга нь нийслэлд бий аж. Уг өвчин хурдацтай тархаж байгаа тул аймаг, сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байхыг мөн анхааруулжээ.