Засгийн газрын тогтоолоор 2019 оны гуравдугаар сарын 1-нээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохыг хориглосон.
Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхлээд байгаа ажээ. Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус зориулалтын, 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хумих замаар гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг эхлүүлээд байна.
Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгосон. БОАЖЯ-ны зүгээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супер маркетуудын төлөөлөлтэй уулзаж дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.